Цагдаагийн байгууллага, цагдаа шүүмжлэлийн бай болоод хэд хонов. Тэд яагаад шүүмжлэлд өртсөн, алдааг нь хэрхэн засаж сайжруулах талаар багш, судлаач Б.Батзоригтой ярилцаж, байр суурийг сонирхлоо.
-Цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бус харилцсан тохиолдлыг хүмүүс өлгөн авч шүүмжилцгээж буй. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, басхүү судлаачийн хувиар дээрх шүүмжлэлд хэрхэн хандаж байна вэ?
-Хамгийн түрүүнд асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй. Аль аль талдаа зөвхөн салбар хийгээд мэргэшлийн асуудлыг яриад байна. Гэтэл уг асуудал улсын хэмжээнд байтугай, даяарчлагдаад дэлхийн хэмжээнд нэг стандарттай, нэг дүрэм журамтай болох зүйлийн тухай юм. Бид дангаараа шийдэх боломжгүй орчин бий болсон. Дээрээс нь залуусын шинэ үе, өөр орчин, дэвшилтэт технологийн эрин ирснийг анхаарах нь чухал. Тиймээс судлаачийн хувьд бид ямар орчинд байна, нөхцөл байдал хэр түвшинд очсоныг яръя. Яг одоо ковидын цаг үе. Шударга бус байдал, авлигын асуудлыг нэлээд их ярих боллоо. Ийм цаг үед бид яах вэ. Харьцангуй дураараа тааваараа байх гэсэн үзэл бодолтой хүмүүс байх юм. Тэднийг зохицуулдаг хууль нь ямар вэ. Хориглодог, үүрэгжүүлдэг, албаддаг дүрэм, журам байхаас урамшуулдаг, зохицуулдаг, сайшаадаг бусад хуулийн зохицуулалт алга. Үндсэндээ манайхан социалист тогтолцооны хууль боловсруулах аргатай. Тэр нь залуучуудад “наалдаж өгөхгүй” гадагшаа явж сурсан, чөлөөтэй сэтгэдэг тэд битгий хэл бидэнд ч таарахгүй байна. Үүний зохицуулж буй төрийн алба ч хаа хаанаа асуудалтай. Ялангуяа ковид тархсан цаг үед төр, төрийн дунд, бүр дээд шатандаа асуудлыг шийдэж чадаж байна уу гэвэл үгүй. Ийм нийгэм, хэрэглэж буй эрх зүй, энэ төрийн тогтолцооны үед ард түмэнд үйлчилж буй цагдаа ямар байна гээд үзэхээр дээр дурдсан дарааллаас эсрэг дүр зураг тодорно. Цагдаагийн ажиллах орчныг муугүй гэж хардаг. Харин ажиллах хүч, ур чадвар, ёс зүй, сэтгэлгээ ямар вэ гэдгийг анзаарах ёстой. Шулуухан хэлэхэд цагдаагийн алба хаагчийн сэтгэлгээ маш хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, цагдаа хүн яг юу хийх, ямар дүрэм журам барих ёстой вэ гэдгээ хангалттай мэддэггүй. Наад зах нь ямар ч цагдаа хүн хүнтэй нэг л стандартаар харилцах ёстой атал янз янзаар ханддаг. Өөрийн сэтгэл хөдлөлөөр ханддаг.
-Нөхцөл байдалдаа тааруулж харилцах ёстой юм биш үү?
-Нөхцөл байдалдаа тааруулж харилцаж болно. Гэхдээ тэр нь дүрмийн дагуу л байх ёстой. Ажиллах хүч, ур чадвар ямар байгааг хүн бүр харж буй. Гэвч 20-30 жил ажилласан цагдаагийн дарга нар залгамж, халаатайгаа хуучин арга барилаар харилцдаг. Өдөржин, шөнөжин загнаж, “харааж, ерөөж” янз бүр болдог. Үүнээс болоод залуу цагдаа нар ажлаасаа шантрахаас авхуулаад янз янзын зүйл гардаг.
-Цагдаа нар хуулиа дагаж бус, тушаал дагаж ажиллаад байна гэсэн шүүмжлэл үнэний ортой гэсэн үг үү?
-Одоо эрх зүйн орчин ямар байгааг ярилцъя. Цагдаагийн байгууллагын хуулийг харьцангуй сайн боловсруулсан гэж үздэг. Гэхдээ хуулиа тултал биелүүлж, дагаж мөрдөхгүй байна. Хуулийнхаа цаад мөн чанарыг ойлгохгүй байгаад учир бий. Мөн чанар гэдэг нь дээрх хуульд хүний эрхийн мэдрэмжтэй заалтыг харьцангуй сайн тусгаж өгсөн. Учир зүггүй гаднын хуулийг орчуулж, хуулж тавихаа больсон. Хуулаад тавьчихлаар Монголын хөрсөнд буухгүй, эргээд хортой сөрөг үр дагавар гарна гэдгийг мэддэг болсон. Эх газрын, хуурай газрын, Англо-Саксоны, Ром, Германы хуулиудаас аль сайныг авч, холимог системүүд гарч ирж байна. Сонгодог хувилбар устаж эхэлсэн. Тухайн оронд нийцсэн, тэр орны ард түмэнд тохирсон, олон улсын стандарт, хүний эрхэд нийцсэн хууль гаргаж байна. Харин манайхан Монгол орчинд тохирсон хууль хүсдэг. Залуустай ярилцаж байхад монголчуудтай ширүүн харилцах ёстой л гэдэг. Гэтэл цагдаа бусадтай ширүүн харилцаж болох уу. Ах дүү, хамаатан садан, гэр бүлийн хүрээнд өөр л байх. Харин цагдаа хуулийн дагуу харилцах ёстой. Тиймээс цагдаа аливаа тохиолдолд хэрхэн, яаж ажиллах нарийн журам хэрэгтэй. Уг журмаа маш сайн таниулж, мэдүүлж, сургах ёстой. Өнөөдрийн хэрэглэж буй журам ч гайгүй сайн. Цагдаа яагаад журмаа дагахгүй, яс махандаа шингээхгүй байна вэ. Сургаж байгаа арга зүйд нь учир байна.
-Цагдаагийн байгууллагын хуулийн талаар нарийн сайн ярилцах уу. Цөөнгүй хуульч хууль болохгүй байна л гэх юм.
-Цагдаагийн байгууллагын хууль олон салбарын эрх зүйг зохицуулдаг. 2017 онд шинэчлэн найруулахдаа зүйл заалтыг нь чамбай гэгч нь боловсруулсан. Хууль болохгүй байна гэхээ болих хэрэгтэй. Хуулиа бүрэн хэрэгжүүлсний дараа болох, болохгүйг ярихгүй, өнгөрснөө санагалзаад, өмнөх арга барилаар ажиллана гээд хуучин хууль руугаа зүтгээд байх юм. Өмнө нь сэжигтнийг дуудахад шууд ирдэг, миний өмнө үнэн ярьдаг, дуулгавартай иргэн суудаг байсан гэдэг хандлагаасаа салаасай. Мөн өөрийн хүчээ санагалзаад хүсээд байна. Уучлаарай тийм биш, иргэн өнөөдөр хүчтэй болсныг мэдрэх ёстой. Энэ цаг үед цагдаа нар олон улсын стандартаа мэддэг, хүний эрхийг дээдэлж харилцах учиртай.
-Нэг хэсэг цагдаагийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлээд, боловсролыг нь орхисон гэх. Харин одоо эсрэгээрээ болов уу. Бас иргэд ч цагдаатай зүй бусаар харилцах нь их болсон шүү дээ. Цагдаа нарыг хүндлэхээ больсон.
-Иргэд басамжилж, цагдааг зодох, гэмтээх нь өмнөх цаг үеэс хоёр дахин ихэссэн. Цагдаагийн алба хаагч бүр амиа ч алдаж байна. Буудуулж, хутгалуулж, дайруулдаг болсон. Цагдаа нар алуулж байх ёстой юм уу. Энэ хэргүүдийг олон нийтэд зарладаггүй, олон түмэн ч мэддэггүй. Гэтэл цагдаа, эмч хоёр иргэнд байнга үйлчилж, нүдэнд нь ил ажилладаг учраас тэдний гаргасан алдааг нийгэм маш хүчтэй хүлээж авдаг. Ялангуяа, шударга бус, авлигын асуудал ихээр яригдаж, бизнесийнхэн элгээрээ хэвтчихсэн өнөөгийн нөхцөл байдалд хүмүүс цагдаа дээрэнгүй харилцсан явдлыг улам их гаргаж тавина. Зөв шүү дээ. Угаасаа цагдаа ингэх ёстой. Үнэхээр хууль зөрчсөн бол цагдаа ном журмын дагуу галт зэвсэг хэрэглэх эрхтэй, албадлага хэрэглэх ёстойг хуулиар заагаад өгчихсөн. Хуульд заасны дагуу албадлага, хүч хэрэглэсэн тохиолдолд цагдаагаа зоригтойгоор хамгаалах ёстой. Уучлаарай цагдаагийн зөв , ийм журмын дагуу ингэсэн байна гэх ёстой. Одоогийн заалтуудаа нарийвчилж, тухайлбал, хэн ямар хууль зөрчвөл, аль тохиолдолд өчих, хүзүүг нь дарах вэ гэдгээ сайтар тусгах хэрэгтэй. Дээрээс нь цагдаа нар асуудалд ороод ирэхээр хуульд заасан хариу арга хэмжээ авахаас халширдаг. Халширна гэдэг, төр тэднийг хамгаалахгүй байна гэсэн үг. Тэднийг хамгаалах журам алга. Эсвэл хамгаалах арга барилаа зөв хэрэглэхгүй байна. Ер нь хууль зөрчсөн бол хуулийн дагуу албадлага хэрэглэхдээ тайлбар тавих шаардлагагүй. Яагаад цагдаа амиа алдав, тэдэнтэй холбоотой хэрэг үүсээд байна гэдэг нь дээрх асуудлыг углуургаар нь шийдээгүйн гор. Тэр шийдлээ хуулиас хайгаад хэрэггүй. Хууль ерөнхийд нь зохицуулна. Өнөөгийн нийгэмд бие бялдар хийгээд мэдлэг, сэтгэлзүйг аль алиныг анхаарах цаг болсон. Төрийн алба шүү дээ, цагдаа захын хүнд загнуулаад эсвэл үүрүүлж шидүүлээд байж болохгүй. Бас цагдаа захын иргэнийг дээрэлхэх ёсгүй. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх төрийн цогц бодлого алга. Тиймээс энэ бүх зүйл даамжраад байна. Дараа жил Монголын цагдааг ямар түвшинд аваачих вэ. Шүүхийн шийдвэр үүнтэй уялдаад яаж өөрчлөгдөх юм. Хилийн цэрэг, мэргэжлийн хяналтынхан яах вэ гээд бүгдийг уялдуулах ёстой. Бүх юмыг хориглосноор мэргэжлийн хяналтынхан ачааллаа дийлэхээ болиод, цагдаа дууддаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын байцаагч нар ажиллаж байхад Экологийн цагдаагийн алба бий болголоо шүү дээ. Бүхэл бүтэн яамныхан мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь ажлаа барахгүй, цагдаа нар очиж байна. Саяхан “Эмээлт” зах дээр асуудал үүсэхэд цагдаа нар л очсон. Уг ньтэнд, мэргэжлийн хяналт ажиллах үүрэгтэй. Дээрх бүхэн цагдаагийн үйл ажиллагааны алдаа дутагдал гэхээсээ илүүтэй бусад мэргэжлийн хяналт, шүүх прокурорын байгууллагын үйл ажиллагааны гажиг цагдаагаар илэрч байгаа явдал. Дан ганц цагдаа болохгүй байна, өөрчлөе гэж болохгүй.
-Цагдаатай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсаны дараа Ерөнхий сайд цагдаагийн байгууллагад бусармаг явдал байна. Хатуу арга хэмжээ ав гэсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд эл хэрэг намайг томилогдохоос өмнөх асуудал гэсэн. Тэд асуудлаа углуургаар нь ойлгохгүй байгаа хэрэг үү?
-Ийм хандлагатай байвал цагдаа огт ажлаа хийхгүй шүү дээ. Ер нь цагдаа доторх эл асуудал олон жил ужгирсан зүйл. Дахин хэлэхэд ковид олон жил бугласан зүйлийг маш сайн гаргаж ирлээ. Өмнө нь цагдаад ийм асуудал гарч л байсан. Өнөөдөр шуугиад, маргааш мартдаг хуучин тогтолцоо хэвээр байна. Золиос нь цагдаа шоронд явдаг, жирийн иргэн ч хэлмэгддэг.
-АТГ-аас авсан тоон мэдээллээр гэмт хэрэгт холбогдсон цагдаа нарын дийлэнх нь хурандаа цолтой, газар хэлтсийн дарга нар байсан. Удирдлагын түвшинд “цэвэрлэгээ” хийхгүй бол цагдаагийн нэр хүнд дээшлэхгүй юм биш үү?
-Энэ зун иргэдтэй товч ярилцлага, уулзалт хийж, бэсрэг судалгаа авсан. Яагаад цагдааг муу хэмээдгийг олж харах гээд янз янзаар судалж байна. Тэднээс “Та цагдаатай яагаад найзалдаг вэ” гэж асуусан. Сэтгэлээрээ найзалж байгаа нь бий. Гэхдээ “Ер нь араа даалгах байдлаар найзалдаг” гэх хариуг олонх нь өглөө. Нийтэд гаргаж болохгүй хачин, хачин зүйлтэй таарах л юм. Үүнийг цагдаа дотооддоо засах хэрэгтэй. Засахгүй бол хэсэг хугацааны дараа өнөөдрийнхтэй адил ил болно. Цагдаа шударга уу, шударга ажиллах нөхцөл байна уу, улс төрчийн захиалгаар дарга болсон уу, шударга бусаар удирдах албан тушаалтан хийж байна уу гэдэг асуудал цагдаагийнхны дунд ихээхэн яригдаж байна. Үнэхээр шударгаар ажиллаж байтал хэн ч мэдлэггүй нэг нөхөр дарга нь болоод хүмүүсийнхээ хийсэн зүйлийг “Би хийсэн” гээд байвал хэцүү. Томилгоо, шийтгэл, шагнал шударга уу гэдгийг анхаарах ирсэн гэж харж байна.
-Нэгэнт бугшсан асуудлыг ил болголоо, цаашдаа яах юм бэ?
-Аль ч нийгэмд, ямар ч улс төрийн нөхцөл байдал илэрч, хэн ч удирдаж, эрхзүйн ямар ч орчин бүрдсэн байсан цагдаа хуульд зааснаар ажиллах ёстой. Нэн тэргүүнд цагдаагийнхан гудамжинд согтуу хүн хэвтэж байхад эмч дууддаг. Улмаар эмч зүгээр гэж оношлонгуут, үхэж байсан хүнийг үүрч аваачин, эрүүлжүүлээд өөрөө асуудалд ордог. Тэгээд хүн алсан хэрэгт унана. Цагдаа чинь эмч биш шүү дээ. Цагдаа дээрх тохиолдолд яаж ажиллах вэ. Эмч үзээд “Зүгээр” гэсэн бол гарын үсгийг нь зуруулах ёстой. Эрүүлжүүлэх гэдэг Монголд л байдаг тогтолцоо. Бүх зүйлд цагдааг дууддагаа болих ёстой. Болохгүй, бүтэхгүй болгонд л цагдаа очдог. Гэр бүлийн хүчирхийлэл болоход хамтарсан баг ажиллаад олон улсын төсөл хөтөлбөрийн дагуу асуудлыг шийдэх гээд нэг үеэ болбол асуудал нааштай болж байна. Тиймээс цагдаа үүнд оролцуулах хэрэг байна уу. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар ажиллах ёстой. Цагдаа дуудаж ачааллыг нэмэх шаардлагагүй. Эхнэр, нөхөр маргахад цагдаа биш, сэтгэлзүйч очдог тогтолцоо хэрэгтэй. Бүх зүйлийг албадаж, цагдаа дууддаг социалист арга барилаасаа салах хэрэгтэй. Төр эл асуудлыг системээр харж, шийдэх ёстой. Цагдаа дангаараа шийдэх боломжгүй.
Залуус “аятайхан” харилцаатай цагдааг хүсэж байна
Н.Билэгсайхан (МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн IV курсийн оюутан)
-Өмнө нь элдэв дарангуйлал, хүчирхийлэлтэй таарч байсангүй. Муу цагдаатай ч таарсан удаагүй. Сошиал мэдээллээс цагдаатай холбоотой элдэв муухай зүйл харж, сонсдог. Тиймээс цагдаа намайг хамгаална гэж итгэлтэй явдаг.
А.Энхжин (МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн II курсийн оюутан)
-Цагдаа мэдээж хамгаалах үүрэгтэй. Үүнийг ард иргэдийн ухамсарт суулгаж, ойлгуулах ёстой. Яагаад ч юм цагдаа гээд ч ярингуут зарим нь “Муусайн цагдаа нар” гэдэг. Цагдаа олонхыг нь хамгаалах гээд зарим үед согтуу хүнтэй зүй бус харилцдаг байх. Тэд бас болж, бүтэхгүй хүнтэй байнга нүүр тулна. Дараагийн хүнтэй уулзахдаа сэтгэл санааны байдал нь янз бүр байна. Иргэний хувьд ч ялгаагүй ямар ч нөхцөлд байж болно. Бие биенээ ойлгоод аль аль нь ухамсартай байх хэрэгтэй болов уу. Эцсийн эцэст зөв шаардлага тавьдаг шударга цагдаатай байхыг л илүүд үзэж байна.
Н.Ган-Эрдэнэ (МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн III курсийн оюутан)
-Хүн болгон цагдааг баатар мэтээр төсөөлж, ариун цагаан байх ёстой гэж боддог. Гэхдээ нийгмийн бүхий л болохгүй зүйлтэй орооцолдож буй цагдаа яаж ариун цагаан байх юм бэ гэдгийг бодож үзсэн. Цагдаагийн сургуульд элсэж ороход эхлээд бие бялдрын шалгалт авч, ЭЕШ-ын дүнг хараад л тэнцүүлдэг. Үүний оронд ярилцаж, сэтгэл зүйн хувьд хэн бэ гэдгийг нь тандаж байж тэнцүүлэх, эсэхээ шийддэг байвал зүгээр юм уу. Жишээ нь, би эдийн засагчаар суралцдаг. Миний мэргэжил хүнтэй харилцах, ярилцах шаардлагагүй, тоогоо “уншина”. Харин цагдаа хамгийн түрүүнд хүнтэй тулж ажиллана. Тиймээс сэтгэл зүйн байдлаас нь тандаж, дээрээс нь ямар орчинд өссөн, яагаад цагдаа болохыг хүссэн зэргийг нь судалбал зүгээр юм болов уу. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүн “болоогүй” хүнийг шууд цагдаад ажилтнаар авбал хэцүү л байх. Дээрээс дөнгөж ажилд оронгуут нь дээд албан тушаалтнууд нь “бариад” эхэлбэл бас хэцүү. Шинэ залуу үеэ хайрлахгүй хуучны аргаар харилцвал дарга цэргийн хооронд үл ойлголцол үүснэ. Иргэн хүний хувьд харилцааны соёлтой, хуулийн зүйл, заалтаа зөв тайлбарладаг сайн цагдааг л хүсэж байна.