Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай. Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлыг хийжээ. Тухайлбал, цэвэр усны болон үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажлыг хийж эхэлсэн байна. Өнгөрсөн онд лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхлүүлсэн бол өнөө жил дээрх бүтээн байгуулалтыг хийж буй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм. Тус бүтээн байгуулалтын ажлын явцтай Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр танилцлаа. Энэ үеэр тэрбээр "Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог. Харин 1.2 тэрбум ам.доллароор шатахуун худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ хямд үнээр зарчхаад, өндөр өртгөөр худалдан авдаг тохиолдол олон жил үргэлжилж байна. Шатахуун худалдан авдаг 1.2 тэрбум ам.доллароор газрын тосны үйлдвэр барьснаар дотоодsн хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Бид дээрх үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор "Петрочайна Дачин тамсаг" компани есөн сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно.
Мөн энэ оны долдугаар сард "Матад Х"Х талбайд ашиглалтын шинэ нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд "Хөхнуур XVIII" болон "Галба XI" талбайгаас тос илэрсэн. Дотооддоо үйлдвэрлэсэн шатахуун үнийн хувьд хямд байх нь тодорхой. АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. "Роснефть" компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна" гэв.