Улаанбаатарын зах зээлд сүүлийн жилүүдэд АИ-92 төрлийн бензиний үнэ литр нь 1450 төгрөгт тогтвортой байв. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг тус төрлийн шатахууны үнэ өнгөрсөн сард нийт 600 төгрөгөөр нэмэгдэж, 2050-д хүрлээ. Энэ нь АИ-92 шатахууны үнэ 41 хувиар өссөн үзүүлэлт юм. АИ-95 төрлийн шатахууны үнэ 2450, дизелийн түлш 2490 төгрөгт хүрээд байна. Эдгээр төрлийн шатахууны үнэ ч 40-өөд хувиар өссөн нь энэ.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ баррель нь 73-75 ам.долларт хүрээд байна. Түүхий тосны ханш өссөн нь шатахууны үнэ дээшлэх гол шалтгаан болж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 47 хувиар өсөөд буйг тодотгов. ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 10 сая баррелиар бууруулах шийдвэр гаргаснаар нийлүүлэлт багасаж, ханш нь ийнхүү өссөн билээ.
АНУ-ын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банкууд газрын тосны ханш ирэх онд баррель нь 85 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэгэхээр ирэх онд шатахууны үнэ өндөр хэвээр байх бололтой. ОПЕК-ийн орнуудын ээлжит уулзалт ирэх есдүгээр сард болно. Уг уулзалтаас гаргасан шийдвэрээс газрын тосны үнэ цаашид хэрхэх нь хамаарах юм.