Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэвч эл хүндрэлийг үл ажран уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчилсэн болохыг "mining.com" мэдээллээ.
Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл үргэлжил буй энэ өсөлтийг ирэх 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл үү, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэгт салбарынхан эргэлзээтэй байгаа аж.
Учир нь зарим компанийн үнэлгээ санаанд оромгүй хөрөнгөөр хэмжигдэх болсон нь салбарынхныг ийн эргэлзүүлэхэд хүргэжээ. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд жагсаалтын 50 дугаарт эрэмбэлэгдсэн “Fresnillo“ компани гурван тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан нь энэ оны хоёрдугаар улиралд найм болж өсжээ. Үүнээс гадна цар тахлын гүн хямралын үед шилдэг 50 компанийн жагсаалтад багтсан 38 байгууллагын үнэ цэн хоёр дахин нэмэгдсэн байна.
Уул уурхайн зарим компанийн үнэлгээ хэрхэн өссөнийг доор үзүүлье.
- 2021 онд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллар давсан нь “BHP” компанийн зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үеийнхээс 97 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна.
- “Fortescue” компанийн нийт хувьцаа 20 тэрбум ам.доллароор нэмэгдэж 50 тэрбум ам.доллар хүрэв.
- Төмрийн хүдрийн үнийн таатай байдал 2011 оноос хойших хамгийн том IPO-ийг хийхэд “Glencore” компанид түлхэц болжээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mineraзгo” компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллароор нэмэгдэж чамлахааргүй өсөлтийг үзүүлжээ.
- Гангийн “Companhia Siderъrgica Nacional” нь тэргүүлэх 10 компанийн жагсаалтад багтав.
- АНУ-ын төмрийн хүдрийн “Cleveland-Cliffs” компани анх удаа тэргүүлэх 50-д багтан 40 дүгээрт жагсжээ.
- Литийн эрэлт, олборлолт нэмэгдэж буйтай холбоотой энэхүү металлын үйлдвэрлэгчид жагсаалтыг өнгөлж байна.
- Энэ оны хоёрдугаар улиралд “Tanqui Lithium” компани жагсаалтын 26 дугаарт эрэмбэлэгдэн байр ахижээ.
- 15 сарын өмнө литийн олборлогч “Albemarle” компанийн зах зээлийн үнэлгээ дөнгөж долоон тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн улирал гэхэд гурав дахин өссөн байна.
- “Israel Chemicals” компанийн тухайд удаан хугацааны дараа эргэн тэргүүлэх 50-ын жагсаалтад орж иржээ.
- Харин алтны компаниудын хувьд төдийлөн сайнгүй байна. “B2Gold”, “Yamana”, “Kinross” болон “Royal Gold” зэрэг хэд хэдэн компани ТОП-50 жагсаалтаас “сугарчээ”.
- 2020 оны гуравдугаар улиралд оргилдоо хүрсэн алтны зах зээл өнөөг хүртэл 30 тэрбум ам.доллар алдаад буй аж.