Төвбанк энэ оны гуравдугаар улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулжээ. Тус банкнаас хоёрдугаар улирлын үлдэгдэл болох 75 тэрбум төгрөгийн санхүүжилт дээр энэ улиралд 250 тэрбумыг нэмж, нийт 325 тэрбумын репо арилжаа зарласан байна. Уг арилжаанд гурван банкнаас 140 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг бүрэн биелүүлсэн аж. Тус санхүүжилтийг банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, 200 болон түүнээс дээш ажилчинтай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд олгох юм. Репо санхүүжилтийн зээлийг ХААН, Худалдаа хөгжлийн, “Голомт”, Төрийн, “Хас”, “Капитрон”, Тээвэр хөгжлийн, “Кредит”, “Богд” банканд хандан авах боломжтой гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор