ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр энэ оны дөрөвдүгээр сарын 9-нөөс долдугаар сарын 21-ний хооронд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх сургалтад манай улсын худалдааг хөнгөвчлөх хорооны төлөөлөгчид болон худалдааг хөнгөвчлөх үндэсний сургагч багш нар хамрагдаж, амжилттай төгсжээ. Амжилттай суралцсан 17 оролцогч өнөөдөр гэрчилгээгээ авсан байна. Сургалтын хаалтын ажиллагаанд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан оролцож Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх чиглэлээр НҮБ-ын ХХБХ-аас дэмжлэг үзүүлж, төсөл, хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв. Тэрээр уг сургалтаас гадна цаашид ХХБХ-тай хамтран Худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн үйл ажллагааны явцыг хянах хөтөлбөр, түүнчлэн Хямралын үед худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны бэлэн байдалд түргэвчилсэн үнэлгээ хийх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тэмдэглэв.
НҮБ-ын ХХБХ-ын Худалдааг хөнгөвчлөх тасгийн дарга Пол Хансен худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Монгол Улс амжилттай ажиллаж буйг онцлоод үүний илрэл нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу шаардлагатай мэдүүлгүүдээ тухай бүр хүргүүлж буй явдал болохыг тодотгов. Тэрээр түүнчлэн сургалтад хамрагдаж амжилттай төгссөн оролцогчдод баяр хүргээд Монгол Улсад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр түүчээ болон ажиллахыг тэднээс хүсэв.
Гурван сарын хугацаанд үргэлжилсэн цахим сургалтын үеэр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэргэжилтнүүд худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон юм.