Нийслэлийн хэмжээнд 8 857 олон нийтийн барилга ашиглаж байгаагаас 1 615-ыг нь 2002 оноос өмнө барьжээ. Эдгээр барилгаас 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулсан байна. Паспортжуулсан барилгуудын
- 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
- 125 нь хүчитгэх шаардлагатай бол
- 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг ашиглахыг хоригложээ.
Харин орон нутагт паспортжуулсан барилга үгүй. Аймгуудад 8621 барилга ашиглаж байгаагийн 5828 нь 2002 оноос өмнө барьсан байгаа юм. Барилга, хот байгуулалтын яамныхны мэдээлснээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай аймагт төв суурингийн инженер, геологи, гидрогеологи, газар хөдлөлтийн бичил мужлалын судалгаа хийжээ. Өдгөө Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Увс, Өмнөговь, Завхан, Төв, Сэлэнгэ аймагт дээрх судалгааг эхлүүлсэн ч санхүүжилт байхгүйгээс ажлаа түр зогсоогоод байгаа гэнэ. Уг ажлыг гүйцэтгэхэд 1.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гэнэ.