Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн “зүрхний бичлэг”-ийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг инфляцын эрсдэлтэй орнуудын тоонд манай улсыг багтааснаа өмнөх долоо хоногт мэдээлсэн. Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн хоёрдугаар сард 2.6, гуравдугаар сард 2.5, дараа сард нь 5.6 хувь байсан бол тавдугаар сард 6.2-т хүрч огцом өссөн учраас аргагүй биз. Тэгвэл өнгөрсөн сард эл хувь 6.6-д хүрч “амжилт”-аа ахиулсныг дээрх хорооноос танилцуулсан статистикт дурджээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 4.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 5.2 хувиар өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр дээрх дүн 6.6 хувь гарсны 37.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Ерөөс импортын барааны үнийн өсөлтийн нөлөө өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 пунктээр дээшилсэн аж. Импортын бараа, бүтээгдэхүүн хил дээр саатсан, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн тээврийн зардал нэмэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн нь тодорхой. Зарим хүн “Захиалсан бараагаа авч чадалгүй гурав, дөрвөн сар боллоо” хэмээж буй юм. Улаанбаатарт инфляц зургадугаар сард өмнөх сарынхаасаа 0.9, өнгөрсөн жилийн эцсээс даруй 8.4, 2020 оны мөн үеийнхээс 7.1 хувиар өссөнийг дурдах хэрэгтэй. Судалгаа хийхдээ сонгосон хүнсний 100 нэрийн барааны бараг тал буюу 47-гийнх нь үнэ нэмэгдсэн байжээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ улсын хэмжээнд ийнхүү 6.6, нийслэлд 7.1 хувьд хүрсэн нь цаашид Монголбанкны зорилтыг (зургаан хувь, үүнээс нэмэх, хасах хоёр хувийн интервалд буюу 4-8 хувьд байлгах) давж мэдэхийг дохиолж буй гэхэд хилсдэхгүй.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын эцэст нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 19.2 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.2, чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөгт хүрсэн аж. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеийнхээс 182.7, 37.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Чанаргүй зээлийн 0.2 тэрбум нь төрийн, 1.4 их наяд нь хувийн салбар, 543.9 тэрбум нь иргэдэд ногджээ. Тэгвэл 6.6 тэрбум нь бусад ангилалд багтсан байна. Зургадугаар сард Монголбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар 2849.1 төгрөгтэй тэнцсэн нь нэг жилийн өмнөхөөс 1.2, юань 443.2 төгрөгтэй дүйсэн нь 11.5, евро 3430.3 төгрөг болсон нь 8.2 хувиар чангарсан гэсэн үг. Сонирхуулахад, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2019 оны зургадугаар сард 2654.47, өмнөх жилийн мөн үед 2816.26 байжээ. Юанийн эсрэг төгрөгийн ханш мөн л тасралтгүй суларсан статистик гарлаа. Тодруулбал, урд хөршийн мөнгөн тэмдэгт 2019 оны зургадугаар сард 384.62, дараа жилийнх нь мөн үед 397.58 төгрөг байв.
Улсын эдийн засаг “уруудаж” буйг эхний хагас жилд төсвийн орлого 6.42, зарлага 7.49 их наяд төгрөгт хүрч 1.06 их наядын алдагдалтай гарсан нь харуулав. Зарлага ийм дүнд хүрсэн нь өмнөх оныхоосоо 19 хувь буюу 1.2 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Бүтцээр нь харвал төсвийн орлогын 78.6 хувийг татварын, 11.8-ыг нь татварын бус, 5.9-ийг нь Ирээдүйн өв сангийн, 3.7-г нь Тогтворжуулалтын сангаас бүрдүүлжээ. Харин зардлын хувьд 87.5 хувийг нь урсгал зардал эзлэв.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 522.5 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 46 хувь буюу 446.1 саяар буурсан дүн аж. Тэгвэл эхний хагас жилд манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 7.4 тэрбум “ногоон”-д хүрсний 4.1 нь экспорт, 3.3 нь импортод ногдсон байна. Экспортын дийлэнх буюу 90.2 хувь (3.7 тэрбум ам.доллар), импортын 40.2 хувь (1.31) нь БНХАУ-д ногджээ. Тус улстай ийнхүү таван тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн ихэнх буюу 68 хувийг эзлэв. Урд хөршид нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний 25.7 хувийг чулуун нүүрс, 35.4 хувийг зэсийн баяжмал гэсэн хоёрхон таваар бүрдүүллээ. Гэвч сүүлийн нэг сар гаруйн хугацаанд манай улсын нүүрсний экспорт бараг бүрэн зогссон гэхэд болно. Зургадугаар сард уг бүтээгдэхүүний экспорт өмнөх сарынхаасаа 672.4 мянган тонноор буурч, 723.5 мянга болсон юм. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд нийлүүлсэн “хар алт”-ны хэмжээ нэг сая тоннд ч хүрээгүй гэсэн үг. Тэгвэл “Оюутолгой” компанийн борлуулсан баяжмалын хэмжээ гэхэд хоёрдугаар улиралд 92.6 мянган тонн болж багассан. Энэ нь өмнөх жилийн мөн үед дээрх дүн 194.3, нэгдүгээр улиралд 186.3 мянган тонн байсантай харьцуулахад огцом буурсныг харуулж буй. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 38.6 хувь буюу 2.6 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт. Гэвч зургадугаар сард уг үйлдвэрлэл 1.6 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 14.6 тэрбумаар багассан дүн юм. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 38.7 тэрбум төгрөгөөр буурсан нь үүнд голлон нөлөөлсөн аж. Товчхондоо, уул уурхайн экспортын эхний саруудын дүн нэгдүгээр хагасын үзүүлэлтийг “чирсэн” гэхэд болно. Сонирхуулахад, гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний долоон их наяд төгрөг буюу 90.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж ачааны хүндийг үүрчээ.
Эхний хагас жилийн байдлаар Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн 44.4 хувь буюу 93 560 нь үйл ажиллагаа явуулжээ. Харин 117 333 нь үйл ажиллагаа явуулаагүй аж. Тэдгээр 210 893 хуулийн этгээдийн 167 435 буюу 79.4 хувь нь компани гэнэ. Тэгвэл 5148 нь нөхөрлөл, 4475 нь хоршоо, 477 нь ТӨҮГ, ОНӨҮГ, 33 358 нь ТБ, ТББ, бусад аж. Үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг ажилчдынх нь тооны бүлгээр авч үзэхэд цөөн буюу 1-9 ажилчинтай нь дийлэнх хувийг (87.6) эзэлжээ.
Дээрхээс харвал хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн ханш өссөн ч манай улс үр шимийг нь хүртэж чадсангүй гэхэд болно. Энэ онд манай улс 42 сая тонн нүүрс экспортолно гэж “мөрөөдсөн” ч уг дүнг 28 сая болгон бууруулсан. Зарим мэргэжилтний үзэж буйгаар уг дүн хамгийн ихдээ 20 сая тоннд л хүрч магадгүй юм. Америк мөнгөн тэмдэгтийн ханш сүүлийн нэг жилд харьцангуй тогтвортой байсан ч инфляцын өсөлтийг “барьж” чадсангүй. Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 15 хувиар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнийг зарим эдийн засагч, бизнес эрхлэгч үндэслэлгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж байв. Тэгвэл эхний хагас жилийн байдлаар дээрх дүн хэрхэн өөрчлөгдсөн талаар өчигдөр мэдээлсэнгүй. Төсвийн орлогынхоо дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг манай улсын эдийн засаг энэ онд огцом тэлж, сэргэхгүй хэмээн зарим шинжээч таамаглаж буй билээ.