-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг саяхан баталлаа. Та ажлын хэсгийн гишүүний хувьд энэ хуулийн гол зорилтын талаар тайлбарлахгүй юу?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш Улаанбаатар хот ихээхэн өргөжин хөгжиж, өмнөх хуулиар зохицуулж ирсэн нийгэм, эдийн засгийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдсөн.
Хотын хүн ам эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн. Жишээ нь, төлөвлөгөөгүй суурьших, байгаль орчин доройтох, агаар, хөрс бохирдох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр хот, суурин газарт тулгамддаг асуудал хуримтлагдаж, эдийн засаг, нийгмийн харилцаанд нь хүндрэл учирч байгааг бид мэднэ. Тиймээс Улаанбаатар хотын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарсан юм.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагынх нь эрх зүйн байдлыг сайжруулахад чиглэж байна.
-Өнгөрсөн 30 жилд нийслэлд замбараагүй газар олгож, газрын наймаа цэцэглэж, хөл гишгэх зайгүй шахам барилга байшин барьсан. Газрын харилцаатай холбоотой ямар зохицуулалтыг хуульд тусгасан бэ?
-Энэ бол яах аргагүй Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг. Тийм учраас нийслэл дэх газрын асуудлыг шийдэхийн тулд хоёр зохицуулалтыг хуульд шинээр тусгасан. Нэг нь “Нийслэл хот нь нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгана” гэх заалт. Ингэснээр өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай зэрэг нийгмийн шинжтэй бүтээн байгуулалт хийх газрыг нь эрчимтэй чөлөөлөх болно.
Нөгөө нь “Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй” гэсэн хатуу хязгаарлалт юм.
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын нормын дагуу нэг га газарт оршин суух хүн амын нягтралын дээд хязгаарыг 450 гэж тогтоосон байдаг. Гэтэл 2018 оны байдлаар төвийн зургаан дүүргийн 111 байршил, 1044 га газарт хүн амын нягтрал үүнээс давсан. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай шинэчилсэн хуулиар хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрсэн дүүргүүдэд цаашид зөвхөн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих л зөвшөөрөл олгоно. Ингэснээр нэг шөнийн дотор орон сууцын хажууд газар ухаж, хашаа бариад барилгын ажил эхлүүлчихдэг, бөөн маргаан тэмцэл үүсдэг явдал гарахгүй болох юм.
-Нийслэл нь хот болохын хувьд тусгай чиг үүргийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, ямар чиг үүрэг, ажлууд үүнд хамаарч байгаа юм бол?
-Улаанбаатар нь улсын нийслэл хот болохын хувьд удирдлагынх нь хэрэгжүүлэх тусгай үүргүүдийг нарийвчлан заасан. Төрийн дээд, төв байгууллага, гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн дэд бүтцийг бүрдүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын бусад арга хэмжээ зохион байгуулах, олон улсын зорчигч, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүнийг арчлах, засварлах, нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах нь нийслэл хотын тусгай чиг үүрэг юм. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
-Нийслэлийг эдийн засгийн хувьд бие даалган хөгжүүлэх боломж нь юу байх вэ?
-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн нэг гол зорилт нь өмнө хэлсэнчлэн нийгэм, эдийн засгийн хувьд бие даалган хөгжүүлэх боломж бүрдүүлэх явдал. Үүний тулд үнэт цаас гаргах, концесс, нийслэл хотын албан татварыг бий болгоно. Түүнчлэн нийслэлийг хөгжүүлэх сантай байх, үүний эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх болон зарцуулах үйл ажиллагааг хуульчиллаа.
Мөн нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, нийслэлд хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлээс хамгаалах баталгааг бүрдүүлж, тухайн хүнд газар эзэмшүүлэн, ашиглуулах шийдвэрээ өөрчлөхгүй байх, энэ үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, мэдээллээр хангах, нийтийн ашиг сонирхлын үүднээс төрөл, хэлбэр, зорилгоос нь хамаарч холбогдох журамд заасан санхүүжилтийг олгох юм.
-Оршин суугчдын эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламж нэмэгдүүлэн, хот тохижилтод хувь нэмрээ оруулсан иргэнийг урамшуулах боломжтой юм байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Нийслэл хотын хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, урамшуулна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх болон нийтийн тусын тулд хийсэн үйл ажиллагаа үүнд хамаатай. Энэхүү шалгаруулах, дэмжих, урамшуулал олгох журмыг Нийслэлийн ИТХ батална.
-Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах чиглэлээр ямар онцлог зохицуулалт тусгасан бол?
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөгжлийг дэмжих, иргэдийн аятай таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуульд тусгаж буй цоо шинэ зохицуулалт бол дагуул хотыг хөгжүүлэх, эдийн засгийн тусгай бүс байгуулах явдал юм.
Нийслэлийн дагуул хот нь эдэлбэр газартай, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, ложистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн, стратегийн ач холбогдолтой, суурин газар байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг даган хөгжүүлэх Аэросити хот болон Их Майдар бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнд тулгуурласан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламж бүхий Майдар хот нь анхных болно. Цаашид ч дагуул хотуудыг шинээр нэмж, хөгжүүлэх байх.
Мөн хуульд мэдээллийн технологи, инновацын, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүүгийн, агаарын хөлгийн засвар үйлчилгээний, хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр дагнасан, эсвэл хослуулсан эдийн засгийн тусгай бүс байгуулахаар заасан.
Аж ахуйн нэгж, иргэдийг тусгай бүсэд очиж ажиллуулах үүднээс татварын болон татварын бус томоохон хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн болон нийслэл хотын албан татвараас хөнгөлөх юм. Энэ нь зөвхөн нийслэл Улаанбаатарт төдийгүй Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр болно.