“Оюутолгой” компанийн хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” өнгөрсөн долоо хоногийн эцэст мэдээллээ. Дээрх хугацаанд боловсруулсан хүдрийн хэмжээ 9.4 сая тонн болж, 2020 оны мөн үеийнхээс хоёр, өнгөрсөн нэгдүгээр улирлынхаас дөрвөн хувиар багасахад цар тахалтай холбоотойгоор ажиллах хүчний ээлж солилцох явцад хүндрэл үүссэн нь нөлөөлжээ. Оюутолгойн ордын ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтад “Ковид-19” сөргөөр нөлөөлснийг мөн тэмдэглэсэн байв.
Хоёрдугаар улиралд “Оюутолгой” компани 36 735 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхтэй ойролцоо (36 495), өнгөрсөн нэгдүгээр улирлынхаас 19 хувиар багассан дүн аж. Харин 113 054 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 263 хувиар өссөн, нэгдүгээр улирлынхаас 22 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Борлуулсан баяжмалынх нь хэмжээ 92.6 мянган тонн болж багасжээ. Өмнөх жилийн мөн үед дээрх тоо 194.3, энэ оны эхний улиралд 186.3 мянган тонн байсан юм. Энэ сарын 9-ний байдлаар тус компанийн ажилчдын 93 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байжээ.