Хятадад нүүрсний эрэлт өндөр байгаа ч манай улсын нийлүүлэлт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд зогслоо. Өдгөө тонн коксжих нүүрсний ханш 1800 юань буюу 280 орчим ам.долларт хүрч өсөөд буй. Сүүлийн жилүүдэд уг таваарын үнэ ийм өндөр дүнд хүрээгүй агаад сул коксжих нүүрсний (semi-soft coking coal) ханш ч тонн нь 1300 юаньтай тэнцээд байна. Манай улс бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байгаа нь “хар алт”-ны ханш ийн дээшлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж буй юм. Гурван жилийн өмнө Хятадын нүүрсний импортын 40 орчим хувь (36 сая тонн) нь Монгол, мөн ийм хэмжээнийх нь Австрали, 10 гаруй хувь нь бусад улсад ногдож байсан учраас ийн хэлсэн хэрэг. Нөгөөтээгүүр, урд хөрш Австралиас нүүрс авахаа больсон нь ханшид нөлөөлж байгаа нь тодорхой.
2021 он гарснаас хойш энэ сарын 1-ний байдлаар Монгол Улс 9.58 сая тонн л нүүрс экспортолжээ. Хэдий энэ нь өмнөх оны мөн үед 8.55 сая тонн байснаас 9.8 хувиар илүү ч сүүлийн саруудад манай нийлүүлэлт огцом буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, сүүлийн гурван сард ердөө гурван сая орчим тонн бүтээгдэхүүн экспортол сон дүн бий. Сард нэг сая тонн хүрэхгүй хэмжээгээр нийлүүлж байгаа тул 2021 онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн нь биелэхгүй нь тодорхой болчихлоо. Манай улс энэ жил 28 сая тонн нүүрс нийлүүлнэ хэмээн тооцож буйгаа Сангийн яамнаас мэдэгдсэн. Улмаар орлого 367.9 тэрбум төгрөгөөр буурах аж. Урд хөршид ганц Монгол бус, олон орон түүхий эдээ нийлүүлж байхад манай улс жил дараалан нүүрсний экспортын хэмжээг төсөвт өндөр дүнтэй тусгадаг нь хачирхалтай. Өнгөрсөн онд манай улс 28 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл энэ жил дээрх тоо 20 орчим сая тоннд хүрэх магадлалтайг “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дурдлаа.
Өнгөрсөн жил цар тахал дэгдэж эхлэхэд манайх “санаачилгаараа” экспортоо зогсоосон ч сүүлийн саруудад нь нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр “шарх”-аа бага зэрэг нөхсөн. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор өмнөх жилийн наймдугаар сараас эхлэн “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлсэн билээ. Харин өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд “Ковид-19”-ийн эрсдэлийг бууруулж чадахгүй байгаа гэж үзээд урд хөрш манайхаас нүүрс импортлохоо зогсоосон. Тэд Цагаан хад суурьшлын бүсэд ачиж, буулгах цэгт зохион байгуулалт хангалтгүй байгааг анхааруулсан юм. Ямар сайндаа Хятадын тал гэрээний дагуу мөнгөө төлөөд худалдаад авчихсан, Цагаан хаданд овоолчихоод байгаа 10 орчим сая тонн нүүрсээ авч чадахгүй байх вэ дээ. Өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайтын боомтоор нүүрс нийлүүлж эхэлснийг, уг бүтээгдэхүүнийг тээвэрлэх 100 жолооч шинжилгээ өгсөн тухай салбарын яамнаас мэдэгдсэнийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл уламжилсан. Тэгвэл Га шуунсухайт-Ганцмодны боомтоор оргил үедээ өдөрт 1500 автомашин нүүрс экспортолж байсантай харьцуулахад энэ нь чамлалттай тоо.
…2021 он гарснаас хойш энэ сарын 1-ний байдлаар Монгол Улс 9.58 сая тонн л нүүрс экспортолжээ. Хэдий энэ нь өмнөх оны мөн үед 8.55 сая тонн байснаас 9.8 хувиар илүү ч сүүлийн саруудад манай нийлүүлэлт огцом буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, сүүлийн гурван сард ердөө гурван сая орчим тонн бүтээгдэхүүн экспортолсон дүн бий…
2020 онд манай нүүрсний нийлүүлэлт 50 хувиар буурсан бол энэ жил ч үргэлжлэн багасаж байгааг дээр дурдсан. Үүнд дэд бүтэц, хил дээрх үйл ажиллагаа нөлөөлж буй. Гэтэл Хятадад АНУ, ОХУ-аас нийлүүлж буй нүүрсний хэмжээ өссөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахал тархсан ч бусад орны нийлүүлэлт нэмэгдэж байна. Монголын коксжих нүүрсний экспорт зогссоноос шалтгаалж АНУ-аас өмнөд хөршид өнгөрсөн долоо хоногт нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ түүхэн дээд түвшиндээ хүрснийг sxcoal.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Энэ сарын эхээр БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч нь АНУ болсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан билээ. Урд хөрш хүсвэл жилд хэрэглэж буй 500 сая тонн коксжих нүүрсээ бүгдийг нь өөрсдөө олборлож чадах ч улс орнуудаас 70 гаруй саяыг импортлох нь зарим талаар ашигтайг мэргэжилтнүүд хэлдэг.
Төсвийн орлогынхоо дийлэнхийг Монгол Улс уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ жилийн эхний зургаан сард экспортын барааны нийт дүнгийн 82.4 хувь буюу 3.38 тэрбум ам.долларыг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсэн дүн бий. Экспортын барааны бүтцийг харвал дээрх хугацаанд зэсийн баяжмал 31.9, нүүрс 24.7 хувийг нь бүрдүүлж, эхний байруудад эрэмбэлэгджээ. Иймээс ч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга сүвэгчлэхэд анхаарах шаардлагатай.
Хөшөөтийн ордоос урд хөрш рүү нийлүүлж байгаа коксжих нүүрсийг монгол жолооч чиргүүлээр тээвэрлэн аваачиж, хилийн зурваст орхичихоод буцахад Хятадын жолооч чирч гаргаж буй. Өөрөөр хэлбэл, тэнд хүн хоорондын харилцаа байхгүй агаад нүүрс нийлүүлдэг хэмжээ нь огт буураагүй ч дүн нь бага. Ийм шийдлийг Гашуунсухайтын боомтод хэрэгжүүлэхэд бүтээгдэхүүний хэмжээ их учраас төвөгтэй биз. Гэхдээ л ямар нэг шийдэл хурдан олох хэрэгтэй. Тусгаар тогтносон улс өөрөө бүх ажлаа хийх ёстой, уг нь. Гэвч өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ хангаж чадаагүй, эдийн засгийн өсөлтийг нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын орлогоос бүрдүүлж буй энэ үед худалдан авагч талтай аль болох хурдан тохиролцох хэрэгтэй. Энэ талаар Ж.Золжаргал “Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэхэд хэрхэн хянах талаар тохиролцох саналыг Хятад улсад тавих нь зүйтэй болов уу. Улмаар хэрэгжилтэд нь тэд мөн хяналт тавьж, хамтарсан ажлын хэсэг байгуулбал бүтээгдэхүүн авахад эрсдэлгүйг урд хөршийнхөн хүлээн зөвшөөрөх талтай. Ажлаа хийж чадахгүй, бусдаар хийлгэе гэх нь муухай. Гэвч чадахгүй бол үүнээс өөр арга байхгүй” гэж ярилаа. Тэрбээр мөн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барьж дуусгах хэрэгтэй. Хэдий төмөр зам хил рүү дөхсөн ч холбогдох цэг нь тодорхойгүй байгаа. Уг цэгийг одоо болтол тогтоогоогүй нь хачирхалтай. Хятадын тал наашаа нарийн царигтай замаа оруулж ирээд зал гах юм уу, манайх давуулж аваачаад залгахын аль нь ч байсан богино хугацаанд хийх хэрэгтэй. Төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах хуваарьтай. Тэр болтол хүлээмээргүй байна. Цар тахлын тархалт цаашид хэрхэхийг бид мэдэхгүй. Дахиад өөр хэлбэрийн вирус тархаад ирэх жил ч үргэлжилбэл яах вэ. Нүүрсний экспорт үргэлжлэн буурвал байдал улам хэцүүднэ” хэмээн тодотгов. Тэгвэл Шивээхүрэнгийн боомтын дэд бүтэц боломжийн, хилтэй ойр учраас чингэлэг тээврийн терминал байгуулах хэрэгтэй гэж эл салбарынхан үзэж буй юм. Нүүрс овор хэмжээ ихтэй, энэ чиглэлийн компаниуд олон техник хэрэгсэл ашигладаг учраас нэг хоног сул зогсоход ч зардал нь маш өндөр гарч буйг учирлаж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцсоноор дэлхийн нүүрсний хэрэглээ 2050 он хүртэл тогтвортой байх төлөв бий. Ган үйлдвэрлэх (коксжих нүүрс түүхий эд нь болдог)шинэ технологийн талаар ярьж буй ч зардал нь өндөр байгаа юм. Хятад улс нүүрсний арвин нөөцтэй ч ихэнх нь далд уурхай учраас зардал өндөртэй, ОХУ, АНУ-аас өмнөд хөршид нийлүүлэхэд хол зам туулж хүргэдэг бол манай бүтээгдэхүүн харьцангуй хямд. Уурхай дээрээс тонн нүүрсийг 70 орчим ам.доллароор зардаг улс Монголоос өөр байхгүй. Гэсэн ч давуу талаа ашиглах байтугай нүүрсний экспортоор ард хоцорч явна. Урд хөршид нүүрсний үнэ өсөхөд манайд уурхайн амнаас нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийх нэмэгддэггүй, тээврийн зардалдаа “шингэчихдэг”. Үүнийг ч өөрчлөх шаардлага уул уурхайгаас ихээхэн хамааралтай, олон улсад “улаан бүс”-д тооцогдож буй Монголд бий. Ерөнхий сайд Хятадад айлчлах сураг гарсан. Хэрэв Засгийн газрын тэргүүн урд хөршид айлчилж, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх талаар тохиролцож чадвал эдийн засагт нэмэртэй. Хүссэнээр болдог бол манайхаас авах бүтээгдэхүүний хэмжээнд квот тогтоочихвол эдийн засагт тустай юм.