УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн тухай хуулийн 8.10.4-т зааснаар тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Танилцуулгад төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн харьяан дахь 1000, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3336 төсөвт байгууллага, Ирээдүйн өв, Тогтворжуулалтын, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийн талаар бичжээ. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу татварын зарлагын, худалдан авсан ажил, үйлчилгээний, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг үүнд тусгасан аж. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 онд 10.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 66.2, Ирээдүйн өв санд 914.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Харин нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг болсон байна. Ингэснээр 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцжээ. УИХ-ын гишүүд энэ үеэр асуулт тавьж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүн Ц.Сандаг-Очир “Хэдэн жилийн өмнө манай улс олон төсөвтэй, бас данстай болчихлоо гэж ярьж байсан. Монгол Улс нэг төсөвтэй байх ёстой. Үүнийг шийдсэн үү” гэж тодруулав. Үүнд Үндэсний аудитын газрын дарга Г.Занданбат “Өнгөрсөн онд 1890 байгууллагад аудит хийсэн. Төсвөөс гадуурх данс нээж, тооцоо, гүйлгээ хийсэн зүйл харьцангуй гайгүй болсон. Цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ УИХ-аар хэлэлцүүлэлгүй Засгийн газар дур мэдэн шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 7.3.4 дэх заалттай нийцээгүй гэсэн дүгнэлтийг манайх танилцуулсан” гэж хариулсан юм. Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Сангийн сайдын удирддаг Төрийн сангийн нэг л данс бий. Төсвөөс гадуурх Хөгжлийн банкны данс, эсвэл Засгийн газар дотроо Сангийн яамтай зэрэгцэн янз бүрийн бондын хөрөнгийг захиран зарцуулдаг, хэд хэдэн данстай болчихсон тохиолдол өмнө нь байсан. Гэхдээ өдий хүртэл 100 хувь эмх цэгцэндээ ороогүй. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөв, нийгмийн үр өгөөж зэргийг харгалзан үзэж, засаглалыг нь сайжруулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар үүнд анхаарлаа хандуулж байна. Төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөхөд УИХ-ын оролцоо их чухал” гэв.
Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийг хэлэлцлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”- ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ нь гудамж замуудыг цогц шинэчлэх, нийтийн тээврийн системийг сайжруулах, зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ, судалгааны ажил, болон магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр уг төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ” гэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хатуу хучилттай зам тавихад баримтлах бодлогоо өөрчилмөөр байна. Хямд өртөгтэйгөөр тавиулсан зам эргээд чанаргүй болчихно. Гадаадын дэмжлэгтэй томоохон төслүүдийг зөвлөх, аудитын үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран хэрэгжүүлдэг учир үр дүн нь сайн байна. Мөн арчилж, засварлах тусмаа замын эдэлгээний хугацаа нь уртасна” гэдгийг хэлж байв.
Мөн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (“Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийг хэлэлцсэн юм. ДЭМБ бүртгэсэн, яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн, коронавирусийн вакциныг худалдан авах, тээвэрлэх ажлыг нь санхүүжүүлэхэд тус банкны 21 сая ам.долларын зээлийг зарцуулах аж.