Японы Улсын “Тоёота” компанийн, дэлхийд шалгарсан машин гэгдэх “Land cruiser” маркийн автомашины загвар 2007 оноос хойш шинэчлэгдээгүй. Харин энэ оны зургадугаар сарын 10-нд тус компани “Land cruiser 300” шинэ загвараа худалдаанд гаргалаа. “Тоёота” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Мөнххада”, “Таван богд” ХХК ажилладаг. Албан ёсны борлуулагч компаниуд шинэ загварын нээлттэй зэрэгцээд захиалга авч эхлэв. “Мөнххада” компани ирэх наймдугаар сард 120, “Таванбогд” 200 ширхэг шинэ загварын “Land cruiser” оруулж ирэх гэнэ. Шинэ загварын автомашиныг үзүүлэлтээс нь хамаарч 188.1-295 сая төгрөгөөр худалдаж байна. “Таван богд” компанийн 200 ширхэг машины захиалга хоёр цагийн дотор дууссан. Үүнийг сонссон хүмүүс олон нийтийн сүлжээнд “Монголчууд мөнгөтэй юм аа” гэж шогширч байв.
Нийгмийн чинээлэг хэсэг шинэ загварын автомашиныг уралдан худалдан авч байхад “Автомашин үнэд орчихжээ. Хуучин тэргээ яаж солих вэ. Хөл дүүжлэх унаатай болох гэсэн чинь мөнгө хүрдэггүй. Автомашины үнэ буурах болов уу” гэж битүүхэн хүлээж, цухалдаж яваа хүн олон бий. Үнэхээр ч автомашины үнэ дотоодын зах зээлд ихээхэн өсжээ. “Оруулж ирсэн” гэж ярианы хэллэгээр нэрлэдэг, тухайн улсдаа 10 орчим жил хэрэглэж, цаашид ашиглахыг хориглосон хуучин автомашин манай зах зээлд голдуу борлогддог. Ийм автомашин худалддаг ченжүүд үнэ нь 10-20 хувиар өссөнийг дуулгаж байна. Үүнийг дагаад Монголд хэдэн жил ашигласан хуучин автомашины үнэ ч бага зэрэг өссөн гэнэ. Монгол ашиглаж байсан хуучин машин худалдан авч, засварлаад “Да хүрээ” худалдааны төв дээрээс дамжуулан борлуулдаг ченж П.Эрдэнэбаатар “Оруулж ирсэн” автомашины үнийг дагаад хуучин машины үнэ бага зэрэг нэмэгдсэн. Монголд явж байсан хуучин автома шины үнэ 5-10 хувиар өслөө” гэж ярив.
Монголын нөхцөлд тохирч, эдэлгээ сайн даадаг учраас иргэд япон машин хэрэглэх нь түгээмэл. Хэрэглэж буй нийт автомашины 90 орчим хувийг Японд үйлдвэрлэсэн гэвэл хилсдэхгүй. Манай улсын автомашины импортын татвар, хураамжийн хэмжээ харьцангуй тогтвортой байдаг. Тиймээс өмнө нь автомашины үнэ иений ханшаас шалтгаалж өсөж, буурдаг байв. Тэгвэл өдгөө автомашины үнэ өссөн нь цар Автомашины нийлүүлэлт “гацаж”, үнэ нь өсөвтахлын нөхцөлөөс ихээхэн шалтгаалжээ.
Япончууд хуучин машинаа дуудлага худалдаанд оруулж борлуулдаг. Дуудлага худалдааны талбарт байршуулсан автомашиныг нь манай ченжүүд үнэ хаялцан худалдан авдаг юм. Дэлхийн нийтэд коронавирусийн халдварт цар тахал дэгдсэнээс хойш япончууд дуудлага худалдааны талбарт автомашинаа байршуулан худалдах нь багасжээ. Арлын орныхон ч хэрэглээгээ танаж байгаа бололтой. Дуудлага худалдааны талбарт цөөн машин байршуулж буй учраас олон хүн худалдаж авахаар үнэ хаялцах нь тодорхой. Хамгийн өндөр үнэ хэлсэнд нь борлуулж таарна. Өндөр үнээр автомашин худалдан авч импортолж буй ченжүүд ашгаа “шингээгээд” хэдэн төгрөг ч болтугай нэмж зарахыг бодно. Автомашины үнийг өсгөж буй эхний шалтгаан энэ.
Удаах нь импортын тээвэр, ложистик гацсантай холбоотой. Монгол руу тээвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг агуулсан 5000 орчим чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомтод “гацаад” буй. Тэдгээрийн тодорхой хэсэг нь автомашин юм. Импортын автомашин боомт дээр саатсан нь үнэ өсөх нөхцөл бүрдүүлжээ. Одоо “Да хүрээ” зах, “22 авто худалдааны цогцолбор”-т “оруулж ирсэн” машин дийлэнх нь зарагдсан аж. Тий мээс ченжүүд үлдсэн автомашиныхаа үнийг нэмж байгаа гэнэ. Тэдний өсгөсөн үнэтэй харьцуулаад, бусад нь автомашиныхаа ханшийг хөөрөгджээ.
ОХУ баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин ашиглахыг зөвшөөрсөн. Тиймээс хойд хөршийн худалдаачид Японыг зорьж, автомашин авах болсон байна. Зах зээл томтой уч раас тэд олон машин үнэ хайрлахгүй худалдан авдаг гэнэ. Бэл бэнчин сайтай хүмүүс Японы зах зээлээс машин худалдан авах болсон нь өрсөлдөөн бий болгож, үнэ хөөрөгдөн өөр нэгэн шалтгаан болсон аж.
Дээр Японы мөнгөн тэмдэгт болох иений ханшаас хамаарч, автомашины үнэ өсөж, буурдаг байсныг дурдсан. Монголбанкнаас зарласан ханшаар нэг иен өдгөө 25.7 төгрөгтэй дүйж байна. Тэгвэл нэг жилийн өмнө иений дундаж ханш 26.25 төгрөгтэй тэнцэж байжээ. Иений ханш 0.5 төгрөгөөр суларсан байгаа биз. Тэгэхээр иений ханшаас шалтгаалж автомашины үнэ өсөөгүй нь ойлгомжтой. Ерөнхийд нь дүгнэвэл нийлүүлэлтийн хомсдол, импортын саатал автомашины үнийг өсгөв.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харвал манай улс Японоос 2019 онд 585.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Тэгвэл 2020 онд 406.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байв. Энэ нь импорт өмнөх жилийнхээсээ 180 сая “ногоон”-оор буурсан үзүүлэлт юм. Монгол Улсын Японоос импортолдог бараа, бүтээгдэхүүний 70 орчим хувийн автомашин эзэлдэг. Дээрх статистикаас автомашины нийлүүлэлт нэлээд хэмжээгээр буурсныг харж болно.
Дотоодын зах зээлд “оруулж ирсэн” автомашины үнэ хэрхэн өссөнийг тодорхой жишээгээр хүргэе. 2016 үйлдвэрлэсэн “Land cruiser 200” маркийн автомашин үзүүлэлтүүдээсээ хамаарч 110-170 сая төгрөгийн үнэд хүрчээ. Тэгвэл өнгөрсөн жил 90-150 сая төгрөгийн үнэтэй байж. “Prado 120” маркийн автомашин 52-55 сая төгрөгийн үнэтэй болсон байна. Өнгөрсөн жил уг маркийн автомашиныг 42-45 сая төгрөгөөр борлуулж байсан гэнэ. “Toyota harrier” маркийн дунд гарын жийп дээд тал нь 37 сая төгрөгийн үнэтэй болжээ. Ийм машиныг өнгөрсөн жил ченжүүд дээд тал нь 32 сая төгрөгөөр худалдаж байсан аж. Тэгвэл монголчуудын ихээхэн хэрэглэдэг “Pruis 30” маркийн автомашины үнэ дээд тал нь 21, “Pruis 20” нь 16.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 2-3 сая төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм байна.
Машины үнэ хэзээ буурах вэ гэсэн асуултад автомашины ченж Д.Мөнхбат “Хилийн боомтоор нэвтрүүлэх ачааны хэмжээг нэмэгдүүлсний дараа автомашины үнэ хямдарна гэж төсөөлж байна. Цар тахлын нөхцөл байдлаас ихээхэн зүйл хамаарна. Аравдугаар сар гэхэд автомашины үнэ нэлээд хямдрах болов уу” хэмээн хариуллаа.