Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “Монгол Улсын 2021 оны баялгийн засаглалын индекс”-ийн үр дүнг өчигдөр танилцууллаа. Тус индексээр мэдээллийн ил тайлагнал, нээлттэй байдал, хяналттай холбоотой хууль, дүрэм, бодлого бий, эсэх, тэдгээрийн хэрэгжилт хэр байгааг тооцдог аж. Уг индексийг тооцохдоо үнэ цэн хүртэх байдал, орлогын менежмент, дэмжигч орчин (засаглалын ерөнхий нөхцөл байдал буюу үйл ажиллагааг үнэлсэн) гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгийг харгалзан үзжээ. Эдгээр хэмжүүрийг 14 дэд хэсэг бүхий 136 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн гэнэ. Үүнээс өмнө дээрх индексийг хамгийн сүүлд 2017 онд танилцуулж байсан юм.
Монгол Улсын уул уурхайн салбар 100 онооноос 70-ыг авсан нь 2017 оныхоос зургаагаар илүү үзүүлэлт болжээ. Тодруулбал, үнэ цэн хүртэх байдал (61 оноо) болон орлогын менежментийн үнэлгээ (71) хангалттай, дэмжигч орчны (78) хувьд сайн гэсэн “дүн” авчээ. Гэхдээ үнэ цэн хүртэх байдлын үзүүлэлт 2017 оныхоос бага зэрэг буурсан аж. Уг бүрэлдэхүүн хэсгийн зарим үзүүлэлтэд анхаарах шаардлагатай нь харагдсан байна. Тухайлбал, уул уурхайн компанийн байгуулсан гэрээ, ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод тайлагнадаггүй, цөөн тооны лиценз шинээр олгосон, орон нутгийн үр нөлөөтэй холбоотой засаглалын үнэлгээ буурсан нь харагджээ. Нөхөн сэргээх, уурхай хаах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай холбоотой үнэлгээг ил тод мэдээлдэггүй хэвээр байгааг дээрх хүрээлэнгийн шинжээчид мөн тэмдэглэв. Түүнчлэн төрийн өмчит компаниудын засаглалын үзүүлэлт хамгийн тааруу гарсныг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь дурдлаа. Үүнд “Эрдэнэс Монгол” компани санхүүгийн гүйлгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх статистик мэдээллээ хангалттай хэмжээнд ил тод танилцуулдаггүй зэрэг нь нөлөөлжээ.
Дэмжигч орчин бүрэлдэхүүн хэсгийн үзүүлэлтээс харахад Засгийн газрын үр дүнтэй ажиллагаа болон авлигын хяналтад анхаарах ёстой нь анзаарагдсан байна. Үүнээс гадна хууль, дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарах учиртайг ч санууллаа. Уурхайн ашиглалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорттой холбоотой мэдээллийг нэгдсэн сангаар дамжуулан ил тод хүргэдэггүй, нээлттэй өгөгдлийн стандарт баримталдаггүй нь манай улсын үзүүлэлт буурахад нөлөөлснийг мөн анхааруулав.
Судалгааны үр дүнг харгалзан дээрх хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ. Тухайлбал, ашиг хүртэгч эзэд болон гэрээг ил тод болгох асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж батлах, нээлттэй өгөгдлийн зарч¬ муудыг баримталж, цахим өгөгдөл ашиглах боломжийг сайжруулах нь зүйтэй гэв. Бас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орч¬ ны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд хүргэх, “Эрдэнэс Монгол”-ын ил тод байдал, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Ташрамд дурдахад, дээрх индексийг тооцоход ашигласан дийлэнх үзүүлэлтийг 2020 оны эцсийн байдлаар авсан аж. Энэ удаа уг судалгаанд байгалийн баялаг ихтэй 18 орныг хамруулсан агаад одоогоор манайхаас гадна Гвиней, Перу улсын индексийг танилцуулаад буй. 2017 онд судалгаанд 81 орныг хамруулж байжээ. Норвег зэрэг оронд тус судалгааг ойрхон хийх төдийлөн шаардлагагүй гэж үзсэн тул тоог нь ийнхүү цөөлсөн аж.