Монголбанкнаас зарласан ханшаар нэг юань өнгөрсөн бямба гарагт 441.6 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 43 төгрөг, зургаан сарын хугацаанд 86 мөнгөөр өссөн дүн юм. 2019 оны эхнээс 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд юанийн төгрөгтэй харьцах ханш зургаан сар тутамд дунджаар хоёр төгрөгөөр нэмэгдэж байсан статистиктай харьцуулахад 0.8 төгрөг гэдэг нь бага үзүүлэлт. Энэ он гарснаас хойш өдий хүртэл манай улсын гадаад худалдааны голлох валют болох юань, ам.долларын ханш төгрөгийн эсрэг төдийлөн чангарахгүй, тогтвортой байгаа талаар Төвбанкнаас мэдээллээ. Мөн зах зээлд валютыг тодорхой хугацаа бүрт, боломжийн хэмжээгээр нийлүүлж буйгаа ч дээрх банкныхан дурдлаа. Харин зарим эдийн засагч, мэргэжилтэн улс хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, гадаад худалдааны захиалга буурсан учраас ханш тогтворжсон, энэ нь түр зуурын үзэгдэл хэмээн үзэж буй. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр “Төгрөгийн ханш голлох валютын эсрэг төдийлөн “унахгүй”, зарим мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарч буйн гол шалтгаан нь эрэлт багассантай холбоотой. Хил хаасны улмаас зорчих хөдөлгөөн хязгаарлагдан, наймаачид, бизнес эрхлэгчид олноороо ийш тийш зорихоо больсон. Энэ нь дотоодын зах зээл дэх бэлэн валютын эрэлтийг бууруулсан гэсэн үг. Хэрэв бэлэн хувцас, бичиг хэрэгслийн барааны борлуулалтын оргил үе болох найм, есдүгээр сард, ялангуяа урд хөрш рүү наймаачид зорчиж эхэлбэл юанийн ханш огцом өсөн, олдоц нь ховордох байх. Тиймээс болзошгүй нөхцөлд Төвбанк валютын нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, улмаар сүүлийн хоёр жилийн дунджаас өсгөх талаар урьдчилан тооцохгүй бол зах зээлд тогтворгүй байдал үүсэх магадлалтай” гэсэн юм.
Юанийн ханш тогтворжсон хэмээн хэлж болохгүй зарим шалтгаан байна. Тухайлбал, Монголбанк болон бусад банк, валют арилжааны захад борлуулж буйгаас илүү үнээр худалдаа эрхлэгч зарим иргэн урд хөрш рүү бараагаа захиалж байгаа аж. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлалтай
…Наймаачид, худалдаа эрхлэгчид юанийн ханшийг Төвбанк болон арилжааны банкуудынхаас илүүгээр тооцон урд хөрш рүү захиалга хийж хэвшсэн гэхэд болохоор байна…
“Peace mall” худалдааны төвд эрэгтэй бэлэн хувцас, гутал борлуулагч нэгэн “Монголд ханш хэд байхаас үл шалтгаалан Эрээн, Гуанжоу хотын үйлдвэрлэгчид бидэнд юанийн ханшийг хэдэн төгрөгөөр тооцохыг хэлдэг. Жишээлбэл, би энэ сарын 15-нд нэг юанийг 455 төгрөгөөр тооцон, 10 000 юаньд буюу 4.5 сая гаруй төгрөгийн бараа захиалсан. Тэр үед Монголд юанийг зарах ханш 455-иас бараг 9-10 төгрөгөөр хямд байсан. Харин өчигдөр (өнгөрсөн баасан гараг) захиалга хийхэд нэг юанийг 452-оор бодсон нь гурван төгрөгөөр буурсан дүн болов. Наймаа эрхлэгчдийн олонх нь БНХАУ-ын түншүүдийнхээ хэлсэн ханшаар юанийг тооцон, мөнгөө гуйвуулдаг. 10 төгрөгийн зөрүү гэдэг бол 10 000 юань тутамд 100 000 төгрөг илүү өгнө гэсэн үг. Энэ хэрээр урд хөршөөс оруулж ирж буй барааны үнэ нэмэгдэж байгаа” гэлээ. Түүнчлэн “Нарантуул” захад жинсэн өмд зардаг Г.О “Би өмнө нь дотоодоос юань худалдан авч явж, наймаа хийдэг байсан ч хил хаагдсан болохоор урд хөршийнхний хэлсэн ханшаар тооцож захиалга өгдөг болсон. Манайх Эрээнээс хэчнээн юаньд хэдэн өмд авах захиалгаа өгдөг. Захиалга өгөхөд тооцох ханш хэд хоноод л өөрчлөгдчихдөг. Энд юанийн ханш өсвөл мэдээж нэмэгдэнэ, буурвал бага хэмжээгээр хямдарна. Гэхдээ арилжааны банк, “Найман шарга” захад юань зарах ханшаас багадаа 7-8, ихдээ 10 орчим төгрөгөөр илүү байдаг. Яагаад ийм ханш тогтоож буйг асуудаггүй. Өнөөдөр юанийг төдөн төгрөгөөр бодно шүү гэж хятадууд хэлдэг болсон” гэж ярилаа. Энэ талаар Төвбанкны нэгэн мэргэжилтэн “Монгол, БНХАУ хооронд наймаа хийдэг иргэд, урд хөршийн үйлдвэрлэгчид, хувь хүмүүстэй харилцахдаа ямар ханшаар юань шилжүүлж, гуйвуулахыг банкууд зохицуулах боломжгүй. Магадгүй бараа, бүтээгдэхүүний захиалга авч, үйлдвэрлэгчидтэй холбож өгдөг зуучлагчид нь ханшийн зөрүүнээс ашиг хардаг байж мэдэх юм” гэв. Тэгвэл БНСУ-аас воноор, Европын Холбооны орнуудаас еврогоор тооцон бараа, бүтээгдэхүүн захиалж, энд борлуулдаг хүмүүст дээр дурдсан шиг ханшийн давхар өсөлт ажиглагддаггүй юм байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулагч Б.Тунгалаг “Манай компани Шведэд үйлдвэрлсэн бүтээгдэхүүнийг еврогоор тооцож авдаг. Захиалагч руугаа төгрөг биш, евро шилжүүлдэг учраас энд зарж буй үнээр нь худалдан аваад, гуйвуулдаг. Банкны шимтгэл л төлдөг. Харин еврогийн ханш сүүлийн 2-3 жилд тасралтгүй өсөж буйгаас бүтээгдэхүүний үнэ ч дагаад нэмэгдсээр байна” хэмээн ярив.
Өнгөрсөн бямба гарагт “Найман шарга” захад нэг юанийг 441 төгрөгөөр худалдан авч, 442.4-өөр борлуулж байв. Тэгвэл ам.долларыг 2850, еврог 3416-гаар худалдан авч, 2853, 3425 төгрөгөөр зарж байлаа. Энэ нь зургаан сарын өмнөхөөс юань, ам.доллар авах, зарах нь дунджаар зургаа, еврогийнх 40 төгрөгөөр нэмэгдсэн дүн болжээ. Харин юанийн гуйвуулга хийж буй иргэн, аж ахуйн нэгж (уржигдрын 16.00 цаг) алга байв. Тус захын нэгэн ченж “БНХАУ руу юань гуйвуулдаг ганц, хоёр хүн байдаг. Өнөөдөр ажилласангүй юу, эрт хаачихав уу мэдэхгүй, харагдсангүй. Ер нь наймаачид урд хөршийн харилцагчид руугаа өөрсдөө мобайл банкаараа төгрөг шилжүүлэх нь нэмэгдсэн, мөн коронавирусийн тархалт өсөж буй учраас “Найман шарга” руу зорьж ирэх хүн цөөрсөн. Миний мэдэж буйгаар 5000 юань тутамд 2000-3000 төгрөгийн шимтгэл төлж шилжүүлдэг. Манай захынхны худалдан авч, борлуулж буй валютуудын ханш ерөнхийдөө тогтвортой байна” гэсэн юм. Эндээс харахад сүүлийн зургаан сард дийлэнх валютын ханш, төгрөгийнх тогтвортой байгаа аж. Гэсэн ч наймаачид, худалдаа эрхлэгчид юанийн ханшийг Төвбанк болон арилжааны банкуудынхаас илүүгээр тооцон урд хөрш рүү захиалга хийж хэвшсэн гэхэд болохоор байна.
Ташрамд дурдахад, хадгаламжийн хүү жил ирэх тусам буурч, өдгөө хугацаагүй нь хүүгүй болсон нь дунд, урт хугацаанд төгрөгийн ханш унах нэг нөхцөл болох талтайг шинжээчид дурдав. Мөн импортоор авдаг бүтээгдэхүүний нэр, төрөл, зарцуулах хөрөнгө жил ирэх бүр өссөөр байгаа нь төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг тогтмол сулрах нэг шалтгаан аж. Дотоодын үйлдвэрлэл бага байж, гадаадад хийсэн эдлэл, хэрэгслийг бид түлхүү ашигласаар байвал төгрөгийн ханш тогтмол сулрах нөхцөл үүсэх нь мэдээж. Тиймээс үйлдвэрлэгчдээ дэмжих, импортыг орлохуйц барааны нийлүүлэлтийг өсгөх нь валютын ханшийн хөөрөгдлөөс сэргийлэх нэг алхам болох юм.