Цар тахлын эрсдэлээс сэргийлэхийн тулд зоогийн газар, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагад хязгаарлалт тогтоож, танхимдаа иргэдийг суулгаж үйлчлэхийг нь хориглох шийдвэрийг энэ сарын 23-нд УОК-оос гаргасан. Эл шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллагууд эсэргүүцэж, дагахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Ингэснээр энэ чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагын гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн байна. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн бямба гарагт тэдгээр байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хариуцлагын гэрээ байгуулсан юм.
Уг гэрээнд хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаар тусгажээ. Тухайлбал, зоогийн газарт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй. Нэг доор үйлчлүүлэх хүний тоо тухайн газрын хүчин чадлынх нь 50 хувиас хэтрэхгүй байна. Мөн ширээ хооронд 1.5-2 метр зайтай байх шаардлагатайгаас гадна коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг ажиллуулна гэж заажээ. Түүнчлэн үйлчлүүлэх иргэд ч хоёр тун вакцин хийлгэсэн байх ёстой гэнэ. Тухайн иргэн, аж ахуйн нэгж халдвар хамгааллын дэглэм зөрчвөл хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар мөн гэрээнд тусгажээ. Энэхүү хариуцлагын гэрээг кафе, кофе шоп, ресторан, сүлжээ болон түргэн хоол, цайны бүх газрынхан байгуулах боломжтой. Улаанбаатар хотод эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2510 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бий бөгөөд хариуцлагын гэрээ байгуулах бол харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хандах юм байна. Гэрээний үр дүнд үндэслэн цаашид бусад салбарын байгууллагуудыг үе шаттайгаар нээнэ гэж нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн.