Эдийг засгийг тэлэх бодлого баримталж хямралаас гаргадаг арга бий. Хямрал нүүрлэсэн улс бүр ийм бодлого хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд цар тахал тархаж, улс орнууд хилээ хаан, дотооддоо хорио цээрийн дэглэм тогтоосноор эдийн засаг нь хямраад байна. Дийлэнх орны эдийн засаг хямрав. Эдгээрийн нэг нь Монгол. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан. Сөхөрсөн эдийн засгаа тэтгэхээр Засгийн газар төсөв болон төсөв, мөнгөний хосолсон бодлогоор дамжуулан тэлэх арга хэмжээ авч байна.
Тод илрэл нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Эл төлөвлөгөөний хүрээнд Засгийн газар зургаан их наяд төгрөгийг зах зээл рүү гаргахад хөшүүрэг болно. Харин Монголбанк дөрвөн их наяд төгрөг зах зээлд нийлүүлнэ. Эргэн сануулбал, Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор болсон. Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ.
Мөн Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнээс гадна стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Эдгээр нь нийтдээ зургаан их наяд төгрөг болж буй юм. Санхүүжилтийн дийлэнхийг арилжааны банкнаас гарах бол Засгийн газар хүүгийн татаас олгож дэмжинэ. Иймээс төсөв, мөнгөний хосолсон тэлэх бодлого гэж нэрлэж буй.
Улсын төсвөөс хүүхэд бүрт сард 20 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байсан бол үүнийг 100 мянгад хүргэж нэмсэн. Ингэснээр зах зээлд жилд нэг их наяд орчим төгрөг нийлүүлж байна. Үүгээр зогсохгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан. Энэ нь нийтдээ нэг их наяд төгрөг давсан билээ. Монголбанк дээрх төлөвлөгөөний хүрээнд репо санхүүжилтээр компанийн өмнөх зээлийг хоёр их наяд төгрөгөөр дахин санхүүжүүлнэ. Орон сууцын ипотекийн зээлд мөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Төр, засгийн эдийн засгийг тэлэх бодлого ийн үргэлжилж байна.
10 их наядын төлөвлөгөөнөөс олны анхаарлыг хамгийн их татаж буй нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох ажлын байрыг дэмжих зээл. Уг хөнгөлөлттэй зээлийг авах зургаан их наяд төгрөгийн хүсэлт иргэд, аж ахуйн нэгж банкуудад хүргүүлжээ. Нийлүүлэлтээсээ гурав дахин их хүсэлт хүргүүлсэн хэрэг. Тиймээс Засгийн газар ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийг гурван их наяд төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тэгэхээр 10 их наядын төлөвлөгөө 11 их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон гэсэн үг.
Төлөвлөгөөг хэрэгжүүлээд гурван сарын хугацаа өнгөрөхөд нэг их наяд төгрөгийн зээл олгожээ. Тэгэхээр оны эцэс гэхэд гурван их наяд төгрөгийн зээлийг олгож дуусна. Дээрээс нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, малчдад 500 тэрбум төгрөгийн зээл олгож дуусах болов уу. Эдгээр зээлийн хүүгийн зөрүү болох зургаан хувийг Засгийн газар төлнө. Тэгэхээр зах зээлийн биш, Засгийн газрын хөшүүргээр 3.5 их наяд төгрөг зах зээлд “шингэх” юм.
Эдийн засаг руу мөнгө урсгадаг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого, төсөв, банк гэсэн гурван суваг бий. Манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ өссөн. Зэсийн үнэ гэхэд дэлхийн зах зээлд өмнөх жилийнхээс хоёр дахин өсөж, 9-10 мянган ам.долларт хэлбэлзээд байна. Үүнээс шалтгаалж, уул уурхайн салбарын экспортын орлого огцом өслөө. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр эхний таван сарын байдлаар 3.7 их наяд төгрөгийн орлого энэ салбарынхан улсдаа оруулжээ. Уул уурхайн салбар оны төгсгөл гэхэд ес орчим их наяд төгрөгийн орлого оруулж “рекорд” тогтоох болов уу гэсэн таамаглал бий. Уг салбарын экспортын орлого өссөнөөр төсвийн төлөвлөгөө ч сайн биелж байна.
Сангийн сайд Б.Жавхлан төсөвт тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Энэ жилийн төсвийн зардлыг 13.9 их наяд төгрөг байхаар УИХ-аас баталсан юм. Төсөвт тодотгол хийхдээ зардлыг нь танах магадлал тун бага. Танавал маш бага хэмжээгээр л “тайрах” болов уу. Тэгэхээр гадаадаас орж ирэх мөнгө болон төсвийн зардлын “урсгал” татрахгүй гэсэн төсөөлөл хийж болно. 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээнд мөнгөний нийлүүлэлт өсөх нь тодорхой болсон. Хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийг дахин нэмвэл мөнгөний нийлүүлэлт улам өсөх нь дамжиггүй.
Хямралын үед эдийн засагт мөнгө нийлүүлж, тэлэх бодлого явуулж буй нь сайн хэрэг. Гэхдээ тунг нь тааруулах шаардлагатай. Эдийн засгийн хямралаас хурдан гаргах гэж байна гээд их хэмжээний мөнгө нийлүүлбэл “халалт” үүснэ. Их хэмжээний мөнгө нийлүүлснээс шалтгаалж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхийг эдийн засагчид “халалт” гэж нэрлэдэг. Улсын инфляц сүүлийн хоёр сард 3.7 хувиар өсөн, 6.2-т хүрч, эдийн засагт “халалт” үүсэх шинж тэмдэг хэдийн илэрчээ. Одоогоор хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоонд хязгаар тавьсан, орон нутагт хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалсан нийлүүлэлтийн хомсдолоос үүдэж инфляц өсөж буй. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо буурч, цар тахлын нөхцөл дээрдсэний дараа нийлүүлэлтийн хомсдол арилна. Энэ үед мөнгөний нийлүүлэлтийг нэмснээс үүдэж өдөөгдсөн их эрэлт инфляцыг өсгөх дүр зураг харагдаж байгаа юм.
Тэгэхээр тэлэх бодлогодоо болгоомжтой хандах хэрэгтэй. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн хуралдаад өмнөх бодлогоо хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, одоогийн тэлэх бодлогоо хэвээр хадгалсан гэсэн үг. Энэ оны дөрөвдүгээр улирлаас эдийн засагт “халалт” ажиглагдвал мөнгөний нийлүүлэлтээ танах шаардлага гарцаагүй үүснэ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бодлогын хүүг зургаан хувьд хүргэсний үр дүн бүрэн гараагүй байгаа учраас хэвээр хадгалах шийдвэрт хүрсэн” гэж мэдэгдсэн. Бодлогын хүүг чангаруулахаас өмнө мөнгөний нийлүүлэлтийг багасгах олон арга бий. Тэдгээрийг авч хэрэгжүүлсний дараа бодлогын хүүгээ чангаруулах ёстой.
Эдийн засгийн “халалт”-аас сэргийлж, репо санхүүжилтийнхээ хэмжээг танаж болно. Мөн орон сууцын ипотекийн зээлээ багасгах боломжтой. Монголбанкнаас олгож буй алтны санхүүжилтийг зогсоох хэрэгтэй. Энэ оны тухайд мөнгөний нийлүүлэлтийг нэг их наяд төрөгөөр танах боломж Төвбанканд бий. Ингэж байж мөнгөний нийлүүлэлт тэнцвэржинэ.
Нөгөө талаас Засгийн газар ч мөнгөний нийлүүлэлтийг танах бодлого хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрээ цуцалж болно. Энэ арга хэмжээ үр дүнтэй, эсэх нь тодорхойгүй учраас олон нийтийн шүүмжлэлд өртөх болсон. Үүнийг цуцалбал мөнгөний нийлүүлэлт 500 тэрбум төгрөгөөр буурна. Монголын зах зээл жижиг. Тиймээс 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг цуцалбал мөнгөний урсгал нэлээд татрах юм.
Засгийн газрын өөр хийх ёстой чухал ажил бол эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Өдгөө цар тахлын нөлөөнөөс үүдэж, эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаад байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрэлтээ гүйцэхээ больсон. Дахин дурдахад, ийм нөхцөл байдал инфляц өсөх шалтгаан болж байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлээгүй байж, их хэмжээний мөнгө “шахаж”, эрэлтийг өсгөвөл инфляц улам дээшилнэ. Тиймээс коронавирусийн халдварын тархалтыг хумьж, хорио цээрийн дэглэмээ сулруулан эдийн засгийг хэвийн голдиролд нь оруулах хэрэгтэй. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүйгээр тэлэх бодлогоо үргэлжлүүлбэл төгрөг үнэгүйдэх аюул хаяанд байна. Товчхондоо, тэлэх биш, тэнцвэржүүлэх бодлого руу шилжих шаардлага үүсжээ.