Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох, цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулан, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнээс гадна Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь мэдлэг, мэдээллээр хангах, дотоод, гадаадын өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах олон талын хамтын ажиллагааг хангах талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болжээ. Хамтын ажиллагааны ажлын хүрээнд Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 2021 оны 06 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар цахимаар зохион байгуулна.