Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буюу инфляц Монголбанкны зорилтыг “сэтлэх” суурь нөхцөл бэлхнээ бүрдлээ. Төвбанкныхан энэ онд инфляцын түвшнийг зургаа, үүнээс нэмэх, хасах хоёр хувийн интервалд байлгана гэсэн зорилт дэвшүүлсэн. Энгийнээр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 4-8 хувьд байлгана гэсэн зорилт дэвшүүлсэн хэрэг. Инфляцын өсөлт найман хувийг давах хэд хэдэн шалтгаан үүсээд байна. Тэдгээр нь биднээс бус, эдийн засгийн гадаад нөхцөлөөс илүүтэй шалтгаалж буй нь гачлантай.
Манай улсад цар тахлын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор БНХАУ хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоонд хязгаар тавьсан. Ингэснээр импортын бараа, бүтээгдэхүүн хилийн цаана саатаж, хомсдол үүсэв. Эдийн засгийн бичигдээгүй хуулийн дагуу эрэлт хэвийн байх үед нийлүүлэлт багасвал үнэ өсдөг жамтай.
Энэ зүй тогтлын хүрээнд инфляц өсөж байна. Засгийн газар өмнөд хөрштэй тохиролцож, Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэвтрүүлэх автомашины тоог 150 болгон нэмэгдүүлсэн. Гэсэн ч байдал төдийлөн дээрдсэнгүй. Үүнээс гадна 20-40 тоннын даацтай ачааны машины жолооч нар Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх төлбөрөө 2-3 дахин нэмсэн. Найм орчим сая төгрөг байсан тээврийн төлбөрөө 25 сая хүртэл нэмсэн тохиолдол ч гарчээ. Тээврийн төлбөр нэмэгдсэн нь барааны үнийг өсгөхөд нөлөөлж буй нь дамжиггүй.
Хилийн боомтод саатал үүссэнээс бараа, материалын ханш өсөж буйн тод жишээ бол арматурын үнэ юм. Тонн арматурыг өнгөрсөн онд 1.2-1.4 сая төгрөгөөр импортолдог байсан. Тэгвэл энэ жил өмнөд хөршөөс 2.2 сая төгрөгөөр худалдан авч байгаа аж. Манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадалтай цементийн үйлдвэрүүдтэй болсон. Хэдийгээр дотоодод үйлдвэрлэж буй ч цементийн орц, найрлагад нь орох түүхий эдээ гадаадаас худалдан авдаг. Тиймээс түүхий эдийнх нь ханш нэмэгдсэнээр цементийн үнэ ч өсжээ. Өнгөрсөн жил тонн цемент 150-180 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл өдгөө 220-230 мянган төгрөгийн үнэд хүрээд байна. Арматур, цемент нь барилга барих материалын орцын 60 хувийг бүрдүүлдэг. Материалын ханшийн нэмэгдлээс шалтгаалж орон сууцын үнэ өсөх нь нэгэнт тодорхой болов.
Боомтоор нэвтрүүлэх ачааны машины тоог нэмэгдүүлж, ачаа эргэлтийг хэвийн байдалд шилжүүлсэн ч манай улс инфляц “импортлох” нь тодорхой болсныг эх сурвалж дуулгалаа. Учир нь манай улс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ бараг тэн хагасыг импортолдог БНХАУ-ын үйлдвэрлэлийн индекс өсжээ. Статистик мэдээллээс харвал энэ оны эхний тээгдэхүүнийхээ 40.2 хувийг өмнөд хөршөөс импортолсон байв. Тус улсын үйлдвэрлэлийн индекс есөн хувиар дээшлээд байгаа аж. Уг индекс урд хөршийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг илэрхийлдэг билээ. Үйлдвэрийнх нь үнэ өссөн учраас тэндээс манайхны оруулж ирж буй барааны үнэ “автомат”-аар нэмэгдэнэ гэсэн үг.
Үүнээс гадна юанийн ханш импортын бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нөхцөл үүсээд байна. Юанийн ханш нэг жилийн өмнө 400 орчим төгрөгт хэлбэлзэж байв. Тэгвэл Монголбанкнаас зарласан албан ханшаар өдгөө нэг юань 440 төгрөгтэй дүйжээ. Ийнхүү юанийн ханш сүүлийн нэг жилд 10 хувиар өслөө. Монголчууд өмнөд хөршөөс импортлох бараагаа төгрөгөөр биш, юаниар худалдан авдаг. Ханшийн өсөлтөөс шалтгаалан жилийн өмнөхөөс бүтээгдэхүүнийг өмнөд хөршөөс 10 хувиар илүү үнээр худалдаж авч байна гэсэн үг. Тэгэхээр худалдаачид бараа, бүтээгдэхүүний үнэд ханшийн өсөлтийг “шингээж” нэмэхээс өөр аргагүй.
Инфляцыг өсгөх өөр нэгэн хүчин зүйл нь газрын тосны ханш. Дэлхийн зах зээлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “brent” маркийн газрын тосны үнэ баррель нь 38 ам.доллар байв. Тэгвэл өдгөө 74 “ногоон”-той дүйгээд байна. Газрын тосны ханш дэлхийн зах зээлд хоёр дахин өсөөд байхад шатахууны үнэ манай улсын зах зээлд тогтвортой байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шатахууны үнийг улс төрийн шалтгаанаар хямд “барьж” буй нь тодорхой. Шатахуун импортлох хилийн үнэ өссөөр байгаа. Тиймээс дотоодын зах зээлд шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэх суурь нөхцөл хэдийн бүрдсэн. Шатахуун, эрчим хүчний үнэ, тариф эдийн засгийн суурь үнэ болдог. Шатахууны үнэ өсвөл бүх төрлийн тээврийн зардал нэмэгдэнэ. Тэр нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлөх нь гарцаагүй. Дээрх хүчин зүйлүүд нь инфляц цойлох шалтгаан болох нь илэрхий болжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотын инфляц өнгөрсөн сарын эцэст 6.7, улсынх 6.2 хувьд хүрсэн. Инфляц өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 2.5-3.5 хувьд хэлбэлзэж, нам түвшинд харьцангуй тогтвортой байлаа. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд 2.5 хувьтай байв. Тэгвэл сүүлийн хоёр сард инфляц 3.7 хувиар өсжээ. Энэ эрчээрээ нэмэгдвэл ирэх есдүгээр сард инфляц хоёр оронтой тоо даваад талийж өгөх нь.
Эдийн засгийн шинжлэх ухаанд гурав хүртэлх хувийн инфляцыг мөлхөө, 3-10 хүртэлхийг нь аядуу, 10-аас дээшихийг нь цогио, 50-иас ихийг нь гипер гэж ангилдаг. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 37 их наяд төгрөгтэй дүйж буй. Инфляц хоёр оронтой тоонд хүрвэл үүний 10 хувийг нь “залгина”. Өөрөөр хэлбэл, иргэдийн халааснаас 3.7 их наяд төгрөг “суйлна” гэсэн үг. Тэгэхээр цогио инфляцад орвол иргэдийг цочирдуулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөхөөр байгаа биз. Инфляцаа “хазаарлахгүй” бол иргэдийн худалдан авах чадвар муудаж, амьжиргаа нь улам дордох нь дамжиггүй. Тэгэхээр инфляцын өсөлттэй тэмцэх шаардлага төр, засагт зүй ёсоор тулгарчээ.
Хятадад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж буй шалтгааныг манай төр, засаг зохицуулж чадахгүй. Тэгэхээр хилийн боомтоор нэвтрүүлэх импортын барааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого яаралтай хэрэгжүүлж, түүнээс шалтгаалах үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах хэрэгтэй. Үүнээс гадна юанийн төгрөгтэй харьцах ханшийг бууруулдаггүй юм гэхэд тогтвортой байлгах бодлого баримтлах шаардлагатай. Иргэд, аж ахуйн нэгжийн өргөн хэрэглэдэг АИ-92 төрлийн шатахууны үнийг огцом нэмэхгүй байх зохицуулалт хийх ёстой. Уул уурхайн салбар өндөр өсөлттэй байгаа. Уул уурхайн олборлолт, тээвэрт ашигладаг техникүүд голдуу дизель түлш хэрэглэдэг. Тиймээс дизель түлшний үнийг нэмж, бусад төрлийн шатахууны үнийг хямд байлгах тохируулга хийж болно. Товчхондоо, энэ нь өсөлттэй байгаа салбартаа ачааны хүндийг үүрүүлж, бусдыг нь хамгаал гэсэн санаа юм.
Инфляц өнгөрсөн сард огцом өсөхөд махны үнэ 18.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Махны үнэ ийн дээшилсэн нь цар тахлын үеийн хөл хорионы улмаас нийлүүлэлт саарснаас шалтгаалсан юм. Тиймээс цаашид хот, суурин газруудын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага бий. Ингэж цогио инфляцын цочролд орохоос сэргийлье.