Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр өргөн барилаа. Одоогийн хуулиар бусад улсын компани Монголд бизнес эхлүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг нь сонгодог аж. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшиж, 100 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулсан байхыг шаарддаг гэнэ. Энэ нь эхлээд бага, цаашдаа их хэмжээний хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын бизнес эрхлэгчдэд саад учруулдгийг хууль санаачлагч хөндлөө. Тиймээс хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, хэрэгжилтийг нь хангах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тамхины онцгой албан татварыг 2021-2024 онд үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэдэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг стандарттай болгохоор заажээ. Тодруулбал, халаадаг 100 ширхэг тамхи тутамд 3180, электрон тамхины 10 миллиграмм бүрт 100 төгрөгийн онцгой албан татвар авах юм байна. Ингэснээр халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэнэ. Түүнчлэн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг энэ онд 4600 төгрөгөөр тогтоож, 2024 он гэхэд 5860 төгрөгт хүргэх аж. Төсөлд “халаадаг тамхи”, “электрон тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлжээ.
Бэлтгэсэн: Б.Анх