МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин манай сонинд ярилцлага өгөхдөө “Эдийн засаг 15.7 хувиар өссөн гэдэг нь үндэслэлгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр улиралд дээрх хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос зарласан билээ. Энэ үзүүлэлтэд эргэлзэж буй олон эдийн засагч, бизнес эрхлэгч таардаг. Өмнө нь 62 мянган аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа татварын албанд хүргүүлдэг байжээ. Тэгвэл үүний 27 мянга нь өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулаагүй буюу “X” тайлан хүргүүлсэн байна. Үүнийг үндэслэн О.Амартүвшин дээрх дүгнэлт хийж буйгаа тодотгосон юм.
…Төр, засаг эдийн засаг болохоо болилоо гэж нэг гараараа дэмжлэг үзүүлчихээд, нөгөөхөөрөө цар тахлын нөхцөлийг хүндрүүлэх алхам хийхээ болих хэрэгтэй. Хэчнээн их санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн ч хатуу хөл хорио тогтоочихоор ямар ч үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байна хэмээн малийтал инээгээд суугаад байж болохгүй нь. Эдийн засгийн бодит сектороо хэрхэн дэмжихээ сайтар бодох шаардлагатайг тоо, баримтууд бэлхнээ харуулж байна…
Үндэсний статистикийн хороо өгөгдлөөс хамаарч үнэн байдалд яв цав нийцсэн тооцоолол хийгээгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л илт зөрүүтэй тооцоолол хийхгүй нь ойлгомжтой. “Оюутолгой” компани энэ оны өнгөрсөн улиралд маргаантай байсан нэг их наяд гаруй төгрөгийн татвараа төлсөн. Эл мөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тооцоонд орж, өндөр дүнгээр нэмэгдэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Эдийн засгийн өсөлтөд дор хаяж 2-3 хувийн нөлөө үзүүлсэн болов уу. Юутай ч эдийн засаг өсөж, хурдтай сэргэж эхэлсэн нь маргаангүй.
Эдийн засгийг гадаад орчин, бодит сектор, төсвийн орлого, мөнгөний нийлүүлэлт, өрхийн хэрэглээ гэсэн таван хэсэгт задалж, дүн шинжилгээ хийдэг. Хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс буураагүй, гадаад худалдаа өндөр ашигтай гарсан, мөнгөний нийлүүлэлт өссөн, төсвийн орлого сайн бүрдэж байна. Харин цар тахлаас шалтгаалаад эдийн засгийн бодит сектор буюу дийлэнх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хумигдсан. Заримынх нь үйл ажиллагаа бүрмөсөн зогссон. Иймээс бохир тооцоогоор 100 мянган ажлын байр “царцаад” буйг эдийн засагчид хэлдэг. Эл явдал өрхийн хэрэглээг үлэмж хэмжээгээр бууруулж буй. Мөн худалдаа, үйлчилгээний эргэлт бараг 30-40 хувиар буурснаас эдийн засгийн бодит байдлыг харж болно. Өрхийн дундаж орлого ч 50 мянган төгрөгөөр багасжээ.
Сангийн сайд Б.Жавхлан саяхан “Энэ оны тавдугаар сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэж мэдэгдсэн. Санхүүгийн тайлангаа татварын албанд хүргүүлдэг аж ахуйн нэгжүүдийн бараг тал нь ашиггүй ажилласан байхад яагаад татварын орлого хэвийн бүрдээд байна вэ гэдэг асуулт урган гарах нь дамжиггүй. Хариултынх гол түлхүүр бол уул уурхайн салбарын экспортын орлого юм. Эдийн засгийн өсөлтийг нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын орлого бүрдүүлж байна гэж ойлгож болно. Экспорт 2021 оны эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам.доллароор өсөв. Үүнийг өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 3.7 их наяд төгрөг болно. Оны эхний таван сард төмрийн хүдэр, баяжмалын экспорт 211.8, зэсийнх 386.7, нүүрснийх 428.7 сая ам.доллароор нэмэгджээ. Уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн. Тухайлбал, нүүрсний үнэ төсөвт тооцсоноос 30 хувиар дээшиллээ. Мөн дэлхийн зах зээлд зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар давсан удаатай. Уг дүн төсөвт тооцсоноос хоёр дахин өндөр үнэ юм.
Төсвийн орлого бүрдүүлсэн гол салбар нь уул уурхай байгаа биз. Өмнөх жилийнхээс 3.7 их наяд төгрөгөөр илүү орлогоос татвар хураасан гээд бод доо. Татварын нийт орлого эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 их наяд төгрөг буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлт. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого дээрх хугацаанд 850.3 тэрбум төгрөгт хүрч, 2.1 дахин өсжээ. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 317.1 (43.4 хувь), бусад татвар, төлбөр хураамжийнх 112.9 (44.1), гадаад үйл ажиллагааных 81.6 (30.7), нийгмийн даатгалынх 100.2 (14.6), онцгой албан татварынх 36.5 (13) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Дээрх үзүүлэлтүүд уул уурхайн экспорт макро эдийн засагт хэрхэн сай-наар нөлөөлснийг илтгэх нь дамжиггүй.
Уул уурхайн салбар өсөлттэй байна. Өсөөд зогсохгүй эдийн засгаа чирч байгаа аж. Тэгвэл эдийн засгийн бодит сектор төдийлөн сэргэхгүй, хасах тэмдэгтэй явна. Тэгэхээр эдийн засгаа уул уурхайн болон уул уурхайн бус гэж хоёр ялгаж харах хэрэгтэй байх нь. Хоёуланг нь нэг саванд хийгээд харвал эдийн засгийн үзүүлэлтүүд сайн харагдана. Харин ялгаад харвал эдийн засгийн бодит сектороос хямрал тодорно. Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 73 хувь банкнаас зээл авсан гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 75 хувь нь үйл ажиллагаагаа сэргээхийн тулд эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлтэй байгаа аж. Мөн үйл ажиллагаа нь хүндэрсэн аж ахуйн нэгжүүд санхүүгийн дэмжлэгээс гадна хөнгөлөлт эдлэхийг хүсэн, МҮХАҮТ буюу эрх ашгаа хамгаалуулдаг төрийн бус байгууллагадаа хандах болов. Тиймээс МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн төлбөр, алдангиас чөлөөлөх санал гаргаад буй.
Эдийн засгийн орц, найрлагыг ялгаад харвал төр, засгийн бодлого хаашаа чиглэх нь тодорхой байгаа биз. Уул уурхайн салбар аяндаа өсөөд явах нь. Харин хямралаас гарч чадахгүй байгаа эдийн засгийн бодит сектороо яах вэ. Санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих гурван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гурван жилийн хугацаатай энэхүү санхүүжилт бодит эдийн засгаа “босгож” ирэхэд ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй. Дээрээс нь төр, засаг МҮХАҮТ-ын санаачилгыг дэмжвэл эдийн засгийн бодит секторт ихээхэн тустай. Аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн нь эдийн засгийн бодит секторт том дэмжлэг болсон.
Одоо бодит эдийн засгаа сэргээх Засгийн газрын хамгийн том дэмжлэг бол цар тахлын нөхцөлийг хөл хорио тогтоох хэмжээнд хүргэхгүй байх. Өдгөө коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио дахин тогтоох тухай ярьж эхэллээ. Хатуу хөл хорио тогтоовол эдийн засгийн бодит секторт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Цар тахлын нөхцөл орон нутагт хүндэрсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон улс төрийн хүчнүүд иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор олон хүн хөдөөд илгээснээс шалтгаалсан нь тодорхой болов. Мөн Ерөнхийлөгчийн албанаас буух гэж буй Х.Баттулга төв талбайд олон хүн цуглуулан, 5000 орчим иргэнд одон, медаль гардуулсан. Одон, медаль авсан иргэд нь хүний бөөгнөрөл үүсгэн баяраа тэмдэглэлээ. Үүнээс үүдэж коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Төр, засаг эдийн засаг болохоо болилоо гэж нэг гараараа дэмжлэг үзүүлчихээд, нөгөөхөөрөө цар тахлын нөхцөлийг хүндрүүлэх алхам хийхээ болих хэрэгтэй. Хэчнээн их санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн ч хатуу хөл хорио тогтоочихоор ямар ч үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байна хэмээн малийтал инээгээд суугаад байж болохгүй нь. Эдийн засгийн бодит сектороо хэрхэн дэмжихээ сайтар бодох шаардлагатайг тоо, баримтууд бэлхнээ харуулж байна.