Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг танилцуулж өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Бид дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг 11 дэх жилдээ танилцуулж байна. Манай улс ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж, бичиг үсэгт тайлагдсан хувиараа дэлхийд тэргүүлж байгаа атлаа дээд боловсролын чанараараа сүүл мушгижээ. Чанаргүй дээд боловсрол эзэмшсэн инженерүүдийн тавьсан зам, гүүр хоногийн бороо даалгүй нурж эвдэрч байна. Бидний судалгаа энэ мэт асуудлыг ил тавьдгаараа онцлог. Хамгийн их тулгамдсан 15 асуудлыг жагсаахад удирдахуйн чадвар нэгдүгээрт орлоо.
Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Венесуэл, Аргентин, Ботсван, Монголыг нэрлэжээ. Аливаа зүйлийг хэмжиж чадвал удирдаж чадна. Энэ нь манай судалгааны ач холбогдлыг харуулж байгаа юм. Анх бид 15 улстай өөрсдийгөө харьцуулдаг байсан бол одоо 64 оронтой өрсөлдөх чадвараа харьцуулах боломжтой боллоо. Манай улс 60 дугаарт жагссан. Ихэнхдээ статистик, тоо баримтад түлхүү суурилсан, нийт 334 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмждэг тул хамгийн өргөн хүрээтэй, нарийвчилсан судалгаа гэж дүгнэж болно.
Судалгааны үр дүнгээс харахад, Баруун Европ, Зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэн, Латин Америкийн орнуудын оноо буурчээ. Эрүүл мэнд, боловсрол, инновац, шинэ технологи нэвтрүүлсэн орнууд өндөр оноо авсан байна. Мөн хуулийн хэрэгжилт сайтай орнууд ч тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Энэ жилийн онцлог гэвэл, олон оронд цахимаар хичээллэн, иргэд гэрээсээ ажиллалаа. Технологийн дэд бүтцийн үзүүлэлтээр Сингапур, Нидерланд, АНУ, Швед дээгүүр байрт жагслаа” гэсэн юм.
Мөн тус төвийн дэд захирал И.Оюундалай “Улс орнуудын өрсөлдөх чадварыг засаглал, дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг, бизнесийн тамир тэнхээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Швейцар тодорлоо. Харин манай улсын оноо өнгөрсөн оныхоос дээрх дөрвөн үзүүлэлтээр бүгдэд нь буурсан байна. Манай улсын бизнесийн орчин сайжирч байгаа ч эдийн засгийн тамир тэнхээгээр 58 дугаарт жагслаа. Швейцартай харьцуулахад энэ үзүүлэлтээр гурав дахин доогуур оноо юм. Тус улс өнгөрсөн онд гуравдугаарт жагсаж байсан. Монгол Улсад тулгамдаж буй таван гол асуудлыг эрэмбэлэхэд, экспортын саад бэрхшээл, компаниудын үйл ажиллагаа доголдсон, цомхтгол хийсэн нь ажилгүйдлийг өсгөсөн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт бэрхшээл учрууллаа. Манай улсын төсвийн алдагдал нэмэгдсэн, нэг хүнд ногдох ДНБ буурсан, хилийн хоригийн улмаас худалдаа саарсан зэрэг сөрөг өөрчлөлтүүд гараад байгаа. Энэ судалгааны үр дүнгээс харвал, Монгол Улс 60 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн хувьд 61-т жагсаж байсан. Өрсөлдөх чадвар хамгийн өндөр улс болох Швейцартай харьцуулахад Монгол Улсын өрсөлдөх чадвар 40 оноо болж өнгөрсөн жилээс 3.4 оноогоор буурсан. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн бүх улсад өрсөлдөх чадвар суларсан нь ажиглагдлаа.
Манай улсын энэ жилийн авсан оноонууд өрсөлдөх чадварын судалгаанд орсон бусад улсынхтай харьцуулахад хамгийн бага бол, ухарсан” гэлээ.
Бэлтгэсэн: М.Мөнхсайхан