Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээнд (2018 оны эцэст байгуулж байсан) өөрчлөлт оруулж, Тавантолгойн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэхээр тохиролцсоныг өмнөх жилийн зургадугаар сард мэдэгдэж байв. Мөн эрчим хүч худалдан авах гэрээг энэ жилийн гуравдугаар сар гэхэд эцэслэн байгуулж, цахилгаан станцыг дөрвөн жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулна гэж байлаа. Түүнчлэн Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах “Тавантолгойн цахилгаан станц” төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хариуцахыг мэдэгдэж байсан юм. Үүний дагуу бол станцын бүтээн байгуулалтыг өдгөө эхлүүлчихсэн байх учиртай. Гэтэл эх сурвалжийн хэлж буйгаар төслийн гүйцэтгэгч шалгаруулах тендерийг удахгүй зарлах бололтой. Барилгын ажлыг эхлүүлэх байтугай гүйцэтгэгчийг ч шалгаруулаагүй байгаа гэсэн үг. Тендер зарласнаас хойш материал хүлээн авна, нягталж, сонгон шалгаруулна гээд багагүй хугацаа зарцуулах нь тодорхой. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэр Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан. Мөн уг станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн ордуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардал хэмнэх зэрэг давуу талтай гэж байв. Гэтэл үнэндээ төслийг хэн гүйцэтгэх нь ч өдгөө тодорхой бус, бэлтгэл ажил хангалтгүй байна.
…Уг нь төлөвлөсний дагуу бол шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилтийн эх үүсвэрийг энэ оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, улмаар 2024 онд багтаан “Оюутолгой” төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэнэ гэж байв. Харамсалтай нь, бас л хугацаандаа амжсангүй…
Засгийн газар 70, үлдэх хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж буй “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн цахим хуудсанд 2021 онд станцын ТЭЗҮ боловсруулах, холбогдох зөвшөөрлүүдийг авах, нарийвчилсан судалгаа хийх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах, тендерийн баримт бичиг боловсруулах, гэрээ байгуулах ажил гүйцэтгэнэ хэмээн дурджээ. Тэгвэл 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд үндсэн, туслах тоног төхөөрөмж захиалах, ажиллах хүч бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авахаар тусгасан байна. Барилга угсралтыг эхлүүлэх ажлын хүрээнд 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Харин 2024 онд агаарын шугам, дэд станцыг ашиглалтад оруулж, эхний блокийг (150 МВт), дараа жил нь хоёр болон гуравдугаар блокоос эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөснийг тэмдэглэсэн байв. Станцыг тус бүр 150 МВт-ын хүчин чадалтай гурван блокоос бүрдэхээр тооцоолсон аж. Дээрхээс харахад барилга угсралтын ажлыг 2022-2024 онд гүйцэтгэж, гурван жилийн дараа эхний блокоос л эрчим хүч (150 МВт) нийлүүлэхээр байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын хуралдааны мэдээлэлд “Төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулна” хэмээн тэмдэглэж байсан нь биелэхгүй болж таарах нь. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 808 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн мэдээлэл бий. 450 МВт-ын хүчин чадалтай станцыг 42-48 сар барьдаг жишиг бий аж. 42 сар гэдэг гурван жил, зургаан сар тул төлөвлөсөн хугацаанд станцыг ашиглалтад оруулж яавч амжихааргүй байх шиг.
Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэхээр болсон. Дотоодын хувийн хэвшлийн томоохон компаниудаас хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн талаарх мэдээлэл бий. Гэвч өдгөө ч шаардлагатай үлдсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэхээ (олон улсын хөнгөлөлттэй зээл авах гэдэг ч юм уу) эцэслээгүй байгаа гэнэ. Эргэн сануулахад, 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэх үед хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” компаниас ирүүлсэн саналаас 30 хувиар бага, эрчим хүчний өртөг 50 хувиар хямд байна хэмээн мэдэгдэж, санхүүжилтийг нь өөрсдөө хариуцна гэж ам гарсан. Уг нь төлөвлөсний дагуу бол шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилтийн эх үүсвэрийг энэ оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, улмаар 2024 онд багтаан “Оюутолгой” төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэнэ гэж байв. Харамсалтай нь, бас л хугацаандаа амжсангүй.
Үндсэн хэрэглэгч нь “Оюутолгой” компани байх уг станцын ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг хэдийн бэлэн болгосон гэж буй. Тухайлбал, станцад эргэлтэт буцламтгай үет шаталтат уурын зуух ашиглах аж. Уг зуух нь сүүлийн үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй, хорт бодис бага ялгаруулдаг, ашиглалтын хугацаа урт, өндөр бүтээмжтэй, төрөл бүрийн шинж чанартай нүүрс түлэх боломжтой гэнэ. Мөн усны хэрэглээ шаардахгүй агаарын хөргөлттэй конденсатор хэрэглэх нь. Үнс зайлуулах зэрэг төхөөрөмж, станцын бусад хэсгийг сонгохдоо ус хамгийн багаар хэрэглэдэг технологи ашиглана хэмээн тооцжээ. Тус станцыг барьснаар улсын эдийн засагт тодорхой хэмжээнд эергээр нөлөөлж, томоохон төслөө дотоодоос эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэнэ. Уг станцыг ашиглалтад оруултал “Оюутолгой” ӨМӨЗО-оос эрчим хүч импортолсон хэвээр байна. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сард ажиллуулж эхэлсэн гэхээр багагүй хөрөнгийг ӨМӨЗО руу эрчим хүчний төлбөрт “урсгасан” нь тодорхой. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Оюутолгойн эрчим хүчний зарим хэрэглээг төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэлсэн. Тухайн үед тус уурхай эрчим хүчний хэрэглээнийхээ нэг хувь буюу 1.3 МВт-ыг төвийн бүсийн нэгдсэн системээс авч буй, эл дүнг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөснийг мэдээлж байв. Одоогоор дээрх дүнг өсгөөгүй, хоёр тал нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа аж. Уг дүнг 20 МВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Аль эрт буюу 2013 оны долдугаар сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол гаргаж байв. Тэгсэн ч өнгөрсөн хугацаанд ажил дорвитой урагшилсангүй. “Тавантолгойн цахилгаан станцыг барих хугацаа удааширч, “ДЦС-5”-ын араас орох вий” гэх хүн ч цөөнгүй байна. Уг нь Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал жилд гадагш чиглэсэн 200 орчим сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо үлдээх аж. “Оюутолгой” төслийн менежментийг хариуцаж буй “Rio tinto” группийн зүгээс дотоодоос эрчим хүч худалдан авах сонирхолтой, дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа билээ.
Дөрвөн сарын өмнө Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ “Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслөө хэрэгжүүлж дуусгана” гэж мэдэгдэж байв. Ерөнхий сайд хэлсэндээ хүрэх биз ээ. Одоогоор бол хөрөнгө оруулагч талтай тохирсноо биелүүлээгүй, төлөвлөгөөний биелэлт хоцорч явна.