Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа ч гүйцэтгэл 28 сая тн-д хүрч буурах хүлээлттэй байна. Манайх эхний таван сард нийт 8.6 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 сая тонноор өссөн дүн боловч 2019 оны мөн үеэс хоёр дахин бага үзүүлэлт юм. Тавдугаар сарын байдлаар 933.3 сая ам.долларын нүүрс экспортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 421.3 сая ам.доллароор өссөн дүн.
Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь “Ибаримт” системд бүртгэгдсэн статистикаас харагдаж байгаа. Энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн орлогын биелэлт 98 хувьтай байна” хэмээн мэдээлэв.