Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болох, зах зээлд оролцогчдын дунд хүлээлт үүсгээд байсан Үнэт цаасны бүртгэлийн журмын шинэчилсэн найруулга болон Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар баталжээ. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хөнгөвчлөх, хялбар, шуурхай болгох шаардлага үүссэн. Тэгвэл энэхүү хоёр журмыг баталснаар эдгээр асуудлыг шийдвэрлэхээс гадна арилжаа эрхлэх болон төрийн зохицуулагч байгууллагын хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх боломж бүрдэх гэнэ.
Тухайлбал, Үнэт цаасны бүртгэлийн журмаар нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаатай холбоотой гаргах зардал, өртөг буурахаас гадна уг ажиллагааг олон улсын жишгийн дагуу андеррайтерын компани хариуцан зохион байгуулах, хувьцааны ханшийг зах зээлийн зарчмаар тогтоох, тогтворжуулах зохицуулалттай болжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд IPO хийн хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт татах сонирхол, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нөлөөтэй аж. Мөн үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал, санхүү, тайлагналын тогтолцоог сайжруулж, мэдээллийн төрлийг нарийвчлан тогтоожээ. IPO хийх, компанийн бонд гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, СЗХ-нд бүртгэлтэй аудит, хууль, хөрөнгийн үнэлгээний компаниудад тавьдаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн, тэдгээрийн хараат бус байдал болон үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой болсон гэнэ.
Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын хувьд бонд гаргагчийн хэрэгслийг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх (ажлын 10 хоногийн дотор), шаардлагатай санхүүжилтээ нэг удаа СЗХ-нд бүртгүүлж, тухай бүр үнэт цаасаа нийтэд үе шаттай санал болгох боломж олгох “Бонд гаргах хөтөлбөр” зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан аж. Олон улсад сүүлийн жилүүдэд ногоон санхүүжилт, ногоон хөрөнгийн зах зээл бий болгох чиглэлээр эрчимтэй яригдаж буй. Тэгвэл дотоодын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын “Ногоон таксономи”, олон улсын холбогдох стандарт, ангилал, шалгуурт нийцсэн төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээлд “Ногоон бонд” гаргах боломжтой болжээ.