Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7 мянган га-д улаан буудай, 12.4 мянган га-д төмс, таван мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал гээд нийт 396 мянган га-д тариалалт хийснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Улмаар улсын хэмжээнд үр тарианы тариалалт 89.5, үүнээс улаан буудайнх 90.9, төмснийх 69.3, хүнсний ногооных 52.1, малын тэжээлийнх 11.3, тосны ургамлынх 48.3 хувьд хүрсэн байна.
Баасан гаргийн байдлаар хаврын тариа-лалтад зориулан ХААДС-гаас хүсэлт ирүүлсэн 579 иргэн, аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаан буудайн үрийг 20-30, 289.4 мянган литр шатахууныг 50, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон дүн гарчээ. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр, төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, үнийг нь 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосноор тариалалт хэвийн үргэлжилж байгаа гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор