Эдийн засаг өсөн, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгддэг. Дийлэнх улс орны нэг хүнд ногдох орлого, хэрэглээний зардлын хэмжээ сүүлийн 50 жилд тогтмол ахисаар, хөрөнгө мөнгөө зарцуулах барааны нэр, төрөл ч XX зууны дунд үеийнхээс 40-50 дахин өсжээ. Тухайлбал, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын борлуулалт жил ирэх бүр ахисаар 2000 онд хоёр тэрбум орчим ам.долларт хүрсэн байна. Улмаар сүүлийн хоёр жилд тоглоомын зах зээлийн борлуулалтын орлого 90 тэрбум ам.доллароос давсныг Statista.com цахим хуудаснаас харж болох нь. Манай улс ч 2019 онд 8.2 сая “ногоон”-оор төрөл бүрийн тоглоом (өөрөө явдаг болон унадаг дугуйнаас бусад) худалдан авсан бол өнгөрсөн жил 7.6 сая ам.доллар зарцуулжээ.
Сүүлийн жилд импортолсон тоглоомын хэмжээ, зарцуулсан хөрөнгө багассан нь хил хаасантай холбоотой, харин дотоодын эрэлт буураагүйг Баянгол дүүрэг дэх нэгэн дэлгүүрийн эзэн Г.Мөнхжин хэллээ. Тэрбээр “Манайх одоогоор 10 000-350 000 төгрөгийн үнэтэй 60 орчим нэрийн тоглоом зарж байна. Ийм наймаа эрхлээд долоон жил гаруй боллоо. Улирлын чанартайгаар орлого өсөж, буурдаг ч ашигтай бизнес учраас энд тэндгүй тоглоом, унадаг дугуй зарсан дэлгүүр, хувь хүн олширсон. Мөн тоглоомын үнэ нэмэгдсээр байгаа. Тухайлбал, хөвгүүдийн хамгийн их сонирхдог уян сумтай, урт бууг бид хоёр жилийн өмнө 75 000-80 000 төгрөгөөр зарж байсан бол өдгөө 120 000-д хүрсэн. Бас барби хүүхэлдэй, зөөлөн тоглоом, хүүхэлдэйн киноны баатруудтай багц болон ширхгийн наадгайн үнэ ч 1-2 жилд 20-30 хувиар өссөн. Үүнд үйлдвэрлэгчид үнээ нэмснээс гадна юанийн ханш, тээврийн зардал өссөн нь нөлөөлсөн” гэлээ. Түүнчлэн худалдан авагч Г.Нарантуяа “Манайх долоо, есөн настай хоёр хүүтэй. Буу, машин, лего зэргийг худалдан авахад чамгүй мөнгө зарцуулдаг. Энэ жилийн хүүхдийн баяраар 560 000 төгрөгөөр нэг буу, автоматаар явдаг тавцан нэгийг (hoverboard) худалдан авлаа. Тоглоомын үнэ их өсжээ, заримыг нь хүүхдүүд амархан эвдчихдэг учраас хэсэг хугацааны дараа ахиад авах болдог. Энэ хэрээр бидний мөнгө гадагшаа урсдаг байх” хэмээн ярив.
Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн орон сууцын хорооллын гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах болжээ. Хааш хаашаа 200 орчим ам метр зайд Монголд үйлдвэрлэсэн, хүний биед харшилгүй, урт хугацаанд хор нөлөө үзүүлэхгүй тоглоомууд суурилуулахаар төслийн багийнхан хөөцөлдсөн байна. Гэтэл нэг ч аж ахуйн нэгж олдоогүй аж. Тодруулбал, модоор жижиг гэр, шатар, даам, оньсон болон дүрст тоглоом хийдэг “Наад”, “Тэрэм” зэрэг брэндийг эс тооцвол өөр үйлдвэрлэгч байсангүй. Түүнчлэн модон сандал, ширээ, сүүдрэвч хийж чадах ч хүүхэд наадах боломжтой, өнгөлөг, эдэлгээ сайтай том хэмжээний тоглоомууд угсран, суурилуулах баг олдохгүй байсаар БНХАУ-аас өндөр чанартай пластик тоглоом авахаар болсон гэсэн.
Модоор эвлүүлдэг, оньсон тоглоом хийж зардаг Баянзүрх дүүргийн иргэн Б.Буянхишиг “Бид хүүхдийн сонирхлыг илт татах, өнгө будаг хоршсон орчин үеийн тоглоом хийж чаддаггүй. Хамгийн гол нь цэвэр модоор урлан, маалингын тосоор тосолсон эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүн гаргадаг. Үндэсний уламжлал шингээсэн, танин мэдэхүйн ач холбогдолтой, байгальд ээлтэй, элдэв харшил өгөхгүй гэдгээрээ онцлогтой. Монголд жижиг, дунд үйдвэрлэл эрхэлж буй хүмүүс, хамт олон орчин үеийн хүүхдүүдийн тоглож, сонирхож байгаа тоглоомтой өрсөлдөх эд хийх одоогоор боломжгүй. Учир нь зурагтаар гарч хандалт сайн авч буй шинэ хүүхэлдэйн кино, зурган цувралаар (анимэ) хятадууд тэр даруй маш олон тоглоом хийчихдэг. Бас технологи шингээсэн тоглоомууд их болсон. Цаг үеэ мэдэрсэн ийм бүтээгдэхүүнүүдийг зах зээлд борлуулж 1-2 жилийн дотор маш их мөнгө олсны дараа хуучрахад нь дараагийнх нь гарч эхэлнэ. Ийнхүү түргэн хувирч, их хэмжээгээр нийлүүлдэг учраас аль ч улс тоглоомын зах зээлд Хятадтай өрсөлдөх амаргүй” гэсэн юм. Хүүхдийн тоглоомуудыг ихэвчлэн никель, хуванцар, резинээр хийдгээс манайд ийм түүхий эд байхгүй нь үйлдвэрлэл хөгжихгүй байх үндсэн шалтгаан болдог аж. Хэрэв газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулбал нефтийн нэрлэгийн явцын дайвар бүтээгдэхүүнээс хуванцар гарган авч, түүгээр ямар нэгэн эд зүйлс хийх боломж бүрдэх талтай юм.
Зөөлөн, чихмэл тоглоом хийх боломж бусад тоглоом “үйлдвэрлэхээс” харьцангуй өндөр ажээ. Хувь хүмүүс, гэр бүлээрээ, эсвэл иргэд нэгдэн нийлж энэ төрлийн тоглоом хийж хэрэглэгчдэд танигдсан байна. “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Туяажаргал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд нийлж зөөлөн тоглоом хийн, борлуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Сард 1500-2000 ширхэг төрөл бүрийн чихмэл тоглоом хийдэг. Бид өнгөрсөн Хүүхдийн баяраар 1400 ширхгийг зарсан. Хүмүүс маш их сонирхож байна. Хэрэв илүү том хэмжээтэй, олон тооны, төрөл бүрийн зөөлөн тоглоом хийвэл худалдан авах зах зээл байна. ТББ-ынхан маань өөрсдийн хүч, боломж, цаг завд тохируулан бүтээгдэхүүнээ гаргадаг” гэв. Түүнчлэн манай улс ноос, ноолуур, арьс, ширээр баялаг. Чихмэл тоглоом дотор синтетик материал биш боловсруулсан ноос хийвэл түүхий эд нь олдоцтойгоос гадна байгалийн гаралтай учраас хүүхдэд хор нөлөө болохгүйг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн нэгэн багш хэлсэн.
Тэрбээр “Зөөлөн тоглоом, малын арьс, шир, үс, хялгасаар хийсэн хүүхэлдэйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж манайд бүрэн бий. Учир нь гар хийцийн, гоёмсог хүүхэлдэйнүүд олон улсад чамгүй үнэлэгддэг. Тухайн үндэстний онцлогийг харуулсан, нарийн ур хийц шингээсэн байх тусмаа үнэтэй. Мөн арьс, шир, байгалийн чулуу, зэс, мод, эсгий зэрэг түүхий эдийг дотоодоосоо хангах нь давуу тал болно. Тиймээс зөөлөн тоглоом, хүүхэлдэйн зах зээлээс иргэд, аж ахуйн нэгжүүд орлого олохыг эрмэлзээсэй. Нэг үеэ бодвол ийм бүтээгдэхүүнээс ашиг олж буй хүмүүс, компани цөөнгүй болсон ч жуулчдад л зориулсан, хязгаарлагдмал зах зээлтэй. Хэрэв XIII зууны үеийн хаад, баатрууд, цэргүүд, нум сум, хөө хуяг зэргээр хүүхэлдэй, чихмэл болон бусад тоглоом хийн, олон улсад сайн сурталчилж чадвал соёлын бүтээлч үйлдвэрлэл болох төдийгүй эдийн засагт өгөөжтэй байх болов уу” гэсэн юм. Манай улс жилд 20 000 тонн орчим хонины ноос бэлтгэдэг нь ч төрөл бүрийн чихмэл тоглоомын түүхий эд хангалттай байгааг харуулж буй хэрэг. Харин ноосыг нарийн боловсруулж, малын гаралтай бүтээгдэхүүнээс харшилж болзошгүйд анхаарах ёстой гэнэ.
Ташрамд дурдахад, дэлхийн тоглоомын зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүний 85 хувийг БНХАУ нийлүүлдэг юм байна. Мөн уг салбарт тэргүүлэгчдийн нэг АНУ-ын компаниудын худалдааны орлого 2020 онд өмнөх жилийнхээсээ 17 орчим хувиар өсөн, 32.6 тэрбум ам.долларт хүрснийг “The toy associ¬ation” цахим хуудсанд дурджээ. Японы Токио хотод үйл ажиллагаа явуулдаг “Namco bandai” компанийн борлуулалтын хэмжээ 2019-2020 онд 6.6 тэрбум “ногоон”-д хүрч огцом өссөн гэнэ. Харин Данийн “Lego” өнгөрсөн жил 5.78 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн зарж, 2003 онд байгуулагдсан жилдээ 900 сая еврогийн орлого олж байснаасаа хойш жил бүр тасралтгүйгээр зах зээлээ тэлсэн компаниар нэрлэгджээ.