Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Тэгвэл эл сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх багц арга хэмжээг "Монголбанк"-наас авч хэрэгжүүлж байгаа аж. Төв банкнаас иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эл салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах арга хэмжээ авах зорилгоор хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- "Монголбанк"-ны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх.
"Монголбанк"-наас гаргасан эл шийдвэрийг энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө энэ сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа аж.