Улаанбаатарт бөөний болон жижиглэн худалдааны хэд хэдэн төвд лангуутай, 10 орчим ажлын байр бий болгосон, гоо сайхны бараа, бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг жижиг компани ХААН банкнаас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 500 сая төгрөгийн зээл авах хүсэлт хүргүүлжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд аж ахуйн нэгж, иргэнд гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож буйг олон нийт мэдэж буй биз ээ. Одоогоос сар гаруйн өмнө хүргүүлсэн тус компанийн зээлийн хүсэлтийг ХААН банк судалж, ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Тэднийх өмнө нь ХААН банкнаас эхлээд 200 сая, дараа нь 300 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, байгуулсан гэрээнийхээ дагуу цаг тухайд нь төлж байсан сайн харилцагч нь гэнэ. Барьцаа хөрөнгө болон түүх сайтай учир богино хугацаанд зээл авчих болов уу гэж тооцон, БНСУ дахь түншүүдээсээ их хэмжээний бараа худалдан авчээ.
Түншүүдтэйгээ “Бараагаа ачуулчих, сарын дараа төлбөрийг нь шилжүүлнэ” гэж тохирсон гэнэ. Олон жил хамтран ажилласан итгэлт түншүүд нь бараагаа ачуулчихсан. Гэтэл ХААН банк зээл гаргахгүй байгаагаас шалтгаалан төлбөрийг нь шилжүүлж чадаагүй. Тэднийхэн түншүүддээ зээл нь бүтэхгүй, хүлээж байна гэж хэлээд Төрийн банкнаас авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. ХААН банкнаас зээл авч чадаагүй нь санхүүжилт хүрэлцээгүй, судлах зээлийн хүсэлт маш олон байгаатай холбоотой аж. “Ковид-19”-ийн нөхцөлөөс шалтгаалан үе үе хатуу хөл хорио тогтоосон учраас тус компани орлого багатай байжээ. Цуглуулсан жаахан орлогоо лангууны түрээсийн төлбөрт өгөөд дуусгасан байна. Тиймээс ажлын байраа хадгалж, бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд 500 сая төгрөгийн зээл авахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ.
Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 55 738 зээл авах хүсэлт банкуудад ирүүлжээ. Уг зээлийг энэ оны хоёрдугаар сарын сүүлчээс олгож эхэлсэн. Тэгвэл одоогоор 15 мянган зээлдэгчид ажлын байрыг дэмжих зээл олгоод байна. Банкууд өдгөө зээл авах 10 700 хүсэлт судалж байгаа аж. Өмнө нь 3778 хүсэлтийг судлаад зээл олгох боломжгүй гэсэн хариу өгчээ. Тэгэхээр зээл авах 26 мянга гаруй хүсэлтийг судалж үзээгүй байна гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг мөнөөх компани тэдний нэг нь.
Зээл авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 6.01 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжихэд зориулж хоёр их наядын зээл олгоно гэж тусгасан. Гэтэл зээлийн хүсэлт гурав дахин өндөр байгаа нь нэг талаар бизнест санхүүжилт ямар чухал байгааг харуулж байна. Нөгөө талаар санхүүжилт авах шаардлагагүй хүмүүс хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар санаархаж, эрэлтийг нь нэмэгдүүлж буй тохиолдол ч бий. Өмнө нь ямар нэгэн бизнес эрхэлж, ажлын байр бий болгож байгаагүй иргэн орон сууцын барилгын нэгдүгээр давхарт дэлгүүрийн зориулалтаар ашиглах байрыг хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байх жишээтэй. Ийм тохиолдолд зээл олгохгүй байх хэрэгтэй. Харин ажлын байраа хадгалах гэж тэмцэж буй аж ахуйн нэгж, иргэдэд онож зээл олгох нь зүйн хэрэг. Ажлын байрыг дэмжих зээлийн эрэлт их байгаа учраас санхүүжилтийг нь дахин нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх яриа Засгийн газрын танхимд гарчээ. Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь эдийн засгаа хурдан сэргээх оновчтой алхам байж мэдэх юм. Ийм төрлийн зээл авах хүсэлт цаашид ч нэмэгдэх болов уу. Тэгэхээр зээлийн санхүүжилт яах аргагүй дутна гэсэн үг.
15 мянган харилцагчид зээл олгоод буйг дээр дурдсан. Тэдэнд нийт 1.09 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Төлөвлөгөөнд тусгасан санхүүжилтийн тэн хагас нь эзэндээ очсон гэсэн үг. Хэрэв Засгийн газар нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гаргаж, банкуудтай тохиролцоонд хүрэхгүй бол 40 гаруй мянган аж ахуйн нэгж, иргэн нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг хувааж авахаар “тэмцэлдэх” нь. Олон хүн гомдолтой үлдэх нь тодорхой.
Ажлын байрыг дэмжих зээл олгож буй нь 120 мянган ажлыг байрыг хадгалах, идэвхтэй байлгах зорилготой юм. Ингэхийн тулд 3500 аж ахуйн нэгж, 20 мянган иргэнд хөнгөлөлттэй санхүүжилт олгох шаардлагатай гэж тооцсон. Одоогийн байдлаар 2803 аж ахуйн нэгжид 665.3, 12 145 иргэнд 425.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг зээлэхэд хүртээмжийн хувьд зорилгоо биелүүлэх нь тодорхой аж. Харин эдийн засгийг сэргээх нөлөөлөл нь дутуудаж мэдэх нь. Учир нь энэ төрлийн зээлийг авах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэн олон байгааг бид харлаа. Санхүүжилтээ дахин нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд, тэдний тодорхой хэсэгт зээл олговол дахиад 50 орчим мянган ажлын байрыг идэвхжүүлж, эдийн засгаа сэргээхэд илүү нөлөө үзүүлэх юм биш үү.
Одоогоор олгосон нийт зээлийн 508.5 тэрбум төгрөг буюу 46.6 хувийг ХААН банк дангаараа гаргажээ. Тэгвэл Төрийн банк ажлын байрыг дэмжих 225.3 тэрбум төгрөгийн зээл олгосон үзүүлэлтээр удаах байрт орж байна. ХААН банк 6195, Төрийн банк 5176 иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон аж. Хэдийгээр Төрийн банк ХААН банкнаас хоёр дахин бага санхүүжилт гаргасан ч хүртээмж буюу зээл олгосон хүмүүсийн тоо нь 1000-аар л цөөн байна. Тэгэхээр Төрийн банк илүү хүртээмжтэй ажиллаж байна гэсэн үг. ХААН банк нэг харилцагчдаа дунджаар 82 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгожээ. Тус банк 2.5 сая хэрэглэгчтэй. Энэ үзүүлэлтээрээ бусдаас хол илүү. Тиймээс ХААН банкнаас зээл авах хүсэлт олон ирүүлж буй нь дамжиггүй. Гэвч тэднийх харилцагчдаа сорчлон их хэмжээний зээл авах хүсэлтийг биелүүлж байгаа бололтой. Тэгэхээр зээл авах хүсэлт өгсөн аж ахуйн нэгж сар гаруй хүлээхээс яах вэ.
ХААН банкны зээл олгох санхүүжилт дууссан барим тавим мэдээлэл бий. Монголбанкнаас системийн банкуудад ажлын байрыг дэмжих зээл олгох хязгаар тавьсан гэсэн. Мэдээжийн хэрэг том, жижгээр нь харьцуулж хязгаар тавих нь тодорхой. ХААН банк нийт 800 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгох эрхтэй. Тэгэхээр тэднийд зээл олгох боломж бий. Харин зээлийн хүсэлтийн бичиг материалд дарагдаад, хүлээлгэж байж мэдэх юм. Хамгийн том банк амжихгүй хүлээлгэж байгаа бол “Голомт”, “Хас”, “Капитрон”, “Кредит”, “Богд”, Худалдаа хөгжлийн болон Төрийн банкийг сонгож зээл авч болно. Худалдаа хөгжлийн банк системийн хэмжээнд хоёрдугаарт ордог. Гэтэл ажлын байрыг дэмжих 68.6 тэрбум төгрөгийн зээлийг 347 иргэн, аж ахуйн нэгжид олгосон нь анхаарал татаж байлаа. Тус банк ажлын байрыг дэмжих зээл олгоход идэвхгүй ажиллаж байна гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны хамгийн том хөрөнгө оруулагч Д.Эрдэнэбилэгтэй байнга “дайсагналцдаг”. Тиймээс энэ нь улс төрийн шалтгаантай ч байж мэдэх юм. Тэгвэл “Голомт” 164.3, “Хас” банк 117.6 тэрбум төгрөгийн зээл олгож, Худалдаа хөгжлийн банкны өмнө эрэмбэлэгджээ.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүртээмж орон нутагт илүү байгаа нь Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээс харагдлаа. Орон нутгийн 9149 иргэн, аж ахуйн нэгж 483.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тэгвэл Улаанбаатарын 5799 иргэн, аж ахуйн нэгж 607.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Орон нутгийн зээлдэгч Улаанбаатарынхаас 3350-иар илүү гарчээ. Ажлын байрыг дэмжих зээл олгож эхлэх үед Сангийн сайд Б.Жавхлан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь өмнө авсан зээлээ дахин санхүүжүүлэх сонирхолтой гэж байв. Тэгвэл санхүүжилтийнхээ дийлэнхийг шинэ зээл олгоход зарцуулжээ. Тодруулбал, 13 225 хэрэглэгчид 971.8 тэрбум төгрөгийн шинэ зээл олгосон аж. Тэгвэл 1723 харилцагчийн 118.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ. Ажлын байрыг дэмжих зээлийг авах сонирхолтой, барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй хуулийн этгээдэд Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргахаар болсон. Одоогийн байдлаар тус сан 112 харилцагчийн 15.5 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан аж. Дахин дурдахад, эрэлт ихтэй байгаа учраас санхүүжилтээ нэмэх хэрэгтэй.