Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн Б гэр бүлийн хамт Улаанбаатараас зайдуу бүсэд (хотод тахиа тэжээх хориотой) тахианы аж ахуй эрхлэхээр шийдэж, орлого, зарлагыг нь өөрсдийн хэмжээнд тооцжээ. Тахиа үржүүлбэл өдөрт 7000 ширхэг өндөг худалдан авах хүнсний үйлдвэр бэлэн байгаа нь тэдэнд нэг давуу тал. Өдөр бүр 7000 өндөг бэлтгэн, ширхгийг нь 400 төгрөгөөр зарна гэвэл сард 84 сая төгрөгийн борлуулалт хийх боломжтой хэмээн тооцсон. Тахианы аж ахуйн орлого чамгүй, борлуулалтын 30 хүртэлх хувь нь цэвэр ашиг байх боломжтой талаар энэ төрлийн бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсныхаа дагуу өндөглөгч тахиа худалдан авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Харин ямар үүлдрийнхийг, хэр хөрөнгөөр худалдан авах тухай мэдээлэл хомс байгаагаа тэрбээр бидэнд хэллээ.
…Тэднийх анх нэг байранд 20-иод тахиа тэжээн ажлаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар тахиагаа 12 байртай болгон бүл салгаж, хоёр хүн ажиллуулж байгаа аж…
Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, хэдэн хүн ажиллуулах болон тулгарах бэрхшээлийн талаар одоогоор ямар нэг төсөөлөлгүй байгаагаа ч нуугаагүй юм. Өдөр бүр 7000 өндөг борлуулахын тулд 9000-10 000 тахиа үржүүлэх хэрэгтэйг Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь “Гойд” шувуу үржүүлгийн газрын эзэн З түүнд зөвлөжээ. Өндөглөгч нэг тахиа өнөөгийн ханшаар 25 000-30 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 670-720 хоног буюу хоёр жил орчим үржүүлэхэд зохимжтой аж. Үүнээс илүү хугацаагаар маллавал ашиг нь буурч, өндөглөх хугацаа нь холдон, зардал нь өсдөг гэсэн. 50 кг-аар савласан тэжээл 60 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг тахианд өдөрт 120 орчим граммыг өгдөг гэнэ. Эндээс тооцоход 10 000 тахиа худалдан авахад 250 сая төгрөг, нэг сарын тэжээлийн зардал 45 сая болж, нийт 300 сая хэрэгтэй болох нь. Түүнчлэн зориулалтын үүр, байр барихад 50-60 гээд эхний ээлжийн нийт хөрөнгө оруулалт 350-360 сая төгрөг болох тооцоо гаргажээ. Хэрэв сайн үүлдрийн өндөглөгч тахиа олж, чанартай сүрэг бүрдүүлж чадвал өндөг бэлтгэхэд төдийлөн хэцүү биш. Өндөг, тахианы махны эрэлт жил бүр өсөж буй энэ үед оруулсан хөрөнгөө богино хугацаанд нөхөх, ашигтай ажиллах боломжтойг туршлагатай фермер нэгэн түүнд хэлсэн гэсэн.
…Эндээс тооцоход 10 000 тахиа худалдан авахад 250 сая төгрөг, нэг сарын тэжээлийн зардал 45 сая болж, нийт 300 сая хэрэгтэй болох нь. Түүнчлэн зориулалтын үүр, байр барихад 50-60-гээд эхний ээлжийн хөрөнгө оруулалт 350-360 сая төгрөг болох тооцоо гаргажээ. Хэрэв сайн үүлдрийн өндөглөгч тахиа олж, чанартай сүрэг бүрдүүлж чадвал өндөг бэлтгэхэд төдийлөн хэцүү биш…
Түүнд зөвлөгөө өгсөн З нь Шарын голд өрхийн хүрээнд цөөн тооны тахиа олон жил үржүүлж байгаад өдгөө сүргийнх нь тоо 400-д хүрч, үүлдэр сайтай дэгдээхэй болон мах бэлтгэн Дархан-Уул аймгийнхан, ойр орчныхоо иргэд, аж ахуй нэгжүүдэд нийлүүлээд дөрвөн жил болж буй юм байна. Тэднийх анх нэг байранд 20-иод тахиа тэжээн ажлаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар тахиагаа 12 байртай болгон бүл салгаж, хоёр хүн ажиллуулж байгаа аж. 3-8 дугаар сард 3000 дэгдээхэй нийлүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, 400 тахианыхаа дэгдээхэйг зарахад л жилд 12-13 сая төгрөгийн орлого олдог, мах болон өндөгнөөс авах ашгийг тооцоогүй дүн гэв. Өрхийн болон жижиг аж ахуйн нэгжийн хүрээнд тахиа үржүүлэх төдийлөн хэцүү биш, манай улсад тэжээлийнх нь олдоц ихтэй гэсэн. Мөн ОХУ-аас сайн үүлдрийн тахиа оруулж ирж, шаардлагатай хугацаанд нь үржил селекцийг зохион байгуулснаар Монголд тэсвэртэй, амтлаг махтай тахиа болон өндөг нийлүүлж хэвшсэн аж ахуйн нэгж олон болжээ. Харин тахиан сүргийн өвчлөл аж ахуйн нэгжүүдэд тулгардаг нэг бэрхшээл гэнэ. Тиймээс өвчилсөн тахиаг цаг алдалгүй таних, эмчилж сурах нь их чухал юм байна. Мал эмнэлгийн газруудад тахианы эрүүл мэндээр мэргэшсэн эмч, мэргэжилтэн цөөн, өрхийн аж ахуйтнууд өөр хоорондоо туршлагаа солилцон, тахиагаа өөрсдөө эрүүлжүүлэхэд анхаарч иржээ. Хэрэв нэг л тахиа өвдвөл нийт сүрэгт нь богино хугацаанд халддаг, улмаар тухайн аж ахуйн нэгж дампуурахад ч амархан юм байна.
2020 оны жилийн эцсийн байдлаар 1391 өрх, аж ахуйн нэгж 991.8 мянган тахиа үржүүлж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан тайланд дурджээ. Мөн оны арванхоёрдугаар сард дээрх яамнаас гаргасан судалгаагаар сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэсний 52 хувийг дотооддоо үйлдвэрлэн, үлдсэн 163 сая ширхгийг нь импортолсон байна. Түүнчлэн жил бүр 18 000, сард 1500 орчим тонн тахианы махыг монголчууд хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоо хийжээ. Ийнхүү өндөг болон тахианы мах худалдан авахад 2019, 2020 онд 66 орчим сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байв. Дотоодод үйлдвэрлэсэн өндөгний хэмжээ 2015-2020 он хүртэл 20 орчим хувиар нэмэгдсэн ч тахианы мах, өндөгний хэрэглээ жил ирэх бүр өссөөр байгааг тус газрын тайлангаас харж болно.
Тиймээс ч тахианы аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилго тавьж буйг салбарын яамнаас дурдсан юм. Уг зорилгын хүрээнд зарим аж ахуйн нэгж тухайлбал, “Түмэн шувуут” компани БНБУ-ын “Dion engineering” компанийн бүрэн автомат, европ стандартын тоног төхөөрөмж нэвтрүүлсэн бөгөөд 2020 онд үржлийн 600 мянган өндөг импортлон өөрийн аж ахуй инкубаторт дэгдээхэй болгон, сүргээ сэлбэсэн нь манай улсын тахианы аж ахуйд гарсан томоохон дэвшил болжээ. Үүнээс гадна тахиа үржүүлгийг дэмжихээр шувууны аж ахуйн техник, тоног, төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн татвараас 2025 оны нэгдүгээр сар, гаалийн татвараас ирэх жил хүртэл чөлөөлсөн. Мөн тахиа, зөгий, гахай үржүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч болох юм. Эндээс харахад, тахианы аж ахуй эрхлэхээр зорьж буй хүмүүст уг зах зээлд өрсөлдөөн бага, хэрэглэгч олон байгааг дуулгая. Ташрамд дурдахад, 2020 онд 4.5 тэрбум тахиа үржүүлж буй дүнгээр БНХАУ дэлхийд тэргүүлсэн байна. Удаах байрт Индонез, АНУ нийт 4.1 тэрбум тахиатай гэсэн үзүүлэлтээр багтжээ. Хүн амын өсөлт, хүнс тэжээлийн хомсдолоос шалтгаалан үхэр, хонины махнаас хямд үнэтэй тахианы махны борлуулалтаас ирэх 10 жилд олох орлого сүүлийн 10 жилийнхээс 50 хувиар өсөн, нэг их наяд ам.доллароос давах тооцоо бий аж. Мөн 2025 он хүртэл дунджаар 423 тэрбум ам.долларын тахиа, өндөг борлуулах боломжтойг олон улсын хэвлэлүүдэд бичжээ.