Улсын төсөвт энэ жил тодотгол хийх нь тодорхой. Засгийн газар ч төсвийг тодотгоно гэдгээ зарласан. УИХ-ын намрын чуулганаар төсвийг тодотгох болов уу. Хэрэв Засгийн газар яарвал ээлжит бус чуулган хуралдуулж төсөвт тодотгол хийх биз. Ингэх хоёр шалтгаан бий. Эхнийх нь улс төрийн шалтгаан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээ байнга зарлаж яваа. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн, Цахим хөгжлийн яам байгуулахаа мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дагуулж, төсвийг тодотгохоос өөр аргагүй. Төсөвгүй яам байгуулна гэж үгүй. Сангийн яам төсвийн бодлого хэрэгжүүлж ажилладаг. Монголбанк мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Хэдийгээр Үндэсний хөгжлийн газар гэсэн хөгжлийн бодлого хариуцсан агентлаг байдаг ч үйл ажиллагаа нь учир дутагдалтай гэж олон нийт дүгнэдэг. Тиймээс эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан яам байгуулах нь зүйтэй хэмээх Ерөнхий сайдын санаачилгыг олон хүн дэмжиж буй. Цахим хөгжлийн яам байгуулснаар төрийн үйлчилгээг онлайнаар авч, хүнд суртал, авлигыг бууруулна гэж тооцож байгаа. Тиймээс мөн ийм яам байгуулахыг дэмжиж байгаа билээ.
…Эдийн засгийн хямралтай энэ үед төсвийн орлого хэрхэхийг илүү анхаарах хэрэгтэй. Төсвийн орлого буурвал алдагдал нь өсөж, Засгийн газар зээл авч зардлаа нөхөхөөс өөр аргагүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг…
Удаах шалтгаан нь эдийн засагтай холбоотой. “Ковид-19” эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэсэн. Хүн амынхаа олонхыг вакцинжуулсны дараа эдийн засгийн нөхцөл илүү тодорхой болно гэсэн хүлээлт бий. Үүнд тохируулж төсвийг тодотгох шаардлага эрхгүй үүснэ. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ дэлхийн зах зээлд 10 мянган ам.доллар давлаа. Уг ашигт малтмалаас олох орлого төсөөлснөөс өснө гэсэн үг. Сангийн яамнаас энэ оны төсвийг боловсруулахдаа 42 сая тонн нүүрс БНХАУ руу экспортолно гэж тооцож батлуулсан. Өмнөд хөршийнхөн Монголоос 30 гаруй сая тонн коксжих нүүрс импортолно гэсэн тооцоог “Монгол нүүрс ассоциац”-ынханд танилцуулжээ. Үүнээс гадна манай улсад коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ хилээр нэвтрэх ачааны автомашины тоонд хязгаар тавиад буй. Ийм нөхцөл үүссэн нь нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйг улам баталгаажуулж байна. Харин нүүрсний үнэ өсөж байгаа нь сайн мэдээ болов. Монголоос нийлүүлж буй түүхий коксжих нүүрсний үнэ Хятадын зах зээлд энэ сард тонн нь 218 ам.долларт хүрчээ. Энэ нь өмнө сарынхтай харьцуулбал 20 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Экспортын хэмжээ буурах ч үнэ нь өссөн учраас төсвийн орлого төсөөлснөөс багасахгүй байх боломжтой юм. Тэгэхээр төсөвт уул уурхайн салбараас олох орлого, экспортын хэмжээг дахин нягталж бодитоор тусгах шаардлага бий.
2021 оны Төсвийн тухай хууль хэрэгжээд дөрвөн сар өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх хугацааных нь гуравны нэг өнгөрсөн гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд тулгуурлаж төсвийн нөхцөлд дүн шинжилгээ хийж үзье. Эхлээд энэ оны Төсвийн тухай хуульд 11.8 их наяд төгрөгийн орлого олж, 13.9 их наядын зарлага гарган, 2.1 их наядын алдагдалтай ажиллана гэж тусгасныг дурдах нь зүйтэй. Энэ оны эхний дөрвөн сард төсвийн орлого 4.4 их наяд төгрөгт хүрэв. Харин зарлага нь 4.9 их наяд төгрөгтэй дүйлээ. Ингэснээр алдагдал нь 500 тэрбум төгрөг болов. Тэгвэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард төсвийн орлого 2.6 их наяд төгрөг, зарлага нь 3.2 их наядад хүрч байсан. Тухайн үед төсвийн алдагдал 640 тэрбум төгрөг байжээ. Үүнтэй харьцуулбал, төсвийн орлого өнгөрсөн оныхоос 1.8 их наяд төгрөгөөр өссөн байна.
Дэлхий дахинд коронавирусын халдвар өнгөрсөн оны нэгдүгээр сард тархаж эхлэхэд манай улс хилээ хаасан. Улмаар нүүрсний экспортоо зогсоосон нь төсвийн орлого огцом буурахад нөлөөлсөн. Тэгвэл энэ онд олон хоног хатуу хөл хорио тогтоосон ч нүүрсний экспортоо зогсоогоогүй. Эл шийдэл төсвийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөөтэй байсан гэж үзэх үндэстэй. Дээр дурдсанчлан төсөвт 11.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх зорилт тавьсан гэж үзвэл эхний дөрвөн сард 37.2 хувийг нь бүрдүүлжээ. Тэгэхээр үлдсэн найман сард төлөвлөгөөнийхөө 60 орчим хувийг биелүүлнэ гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл энэ хэвээр байвал төсөвт “тавьсан” зорилтоо биелүүлэх юм байна гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлж болох нь. Учир нь манай улсын эдийн засаг оны сүүлийн хагаст, ялангуяа дөрөвдүгээр улиралд илүү идэвхиждэг онцлогтой.
Статистик мэдээллээс харвал энэ оны эхний дөрвөн сард улсын нэгдсэн төсвийн орлогын 78 хувийг татвар, 13.6-г татварын бус, 5.3-ыг нь Ирээдүйн өв сангийн, 3.1-ийг нь Тогтворжуулалтын сангийн орлого бүрдүүлжээ. Татварын нийт орлого энэ оны эхний дөрвөн сард 3.8 их наяд төгрөг болсон байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, 1.3 их наяд төгрөгөөр буюу 54.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэгэхээр төсвийн орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого өссөн нь голлон нөлөөлсөн байх нь. Орлогын албан татвар 794.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин нэмэгдсэн нь татварын орлогын өсөлтийн дийлэнхийг бүрдүүлжээ. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 241.5 (44.7 хувь), бусад татвар, төлбөр хураамжийнх 136.6 (68.9 хувь), гадаад үйл ажиллагааных 55.7 (26.9 хувь), онцгой албан татварынх 47 (22.1 хувь), нийгмийн даатгалынх 48.7 (8.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 4.9 их наяд төгрөгт хүрснийг өмнө нь дурдсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд буюу 48.6 хувиар өссөн үзүүлэлт. Зарлага өсөхөд урсгал зардал өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд, хөрөнгийнх 169.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
“Ковид-19”-тэй тэмцэх, эдийн засгаа дэмжих үйл ажиллагаанд төсвөөс ихээхэн мөнгө зарцуулж буйг бид мэднэ. Тэгэхээр төсвийн зарлага өсөх нь дамжиггүй. Эдийн засгийн хямралтай энэ үед төсвийн орлого хэрхэхийг илүү анхаарах хэрэгтэй. Төсвийн орлого буурвал алдагдал нь өсөж, Засгийн газар зээл авч зардлаа нөхөхөөс өөр аргагүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг. Он гарснаас хойш олон хоногоор хатуу хөл хорио тогтоож, бизнесийн зарим үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Ийм үед төсвийн орлого сайн бүрджээ. Үүнд экспортын түүхий эдийн үнэ өссөн, Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх санхүүжилт хийсэн нь томоохон нөлөө үзүүлж буй нь дамжиггүй. Тэгэхээр төсвийн орлого төвөггүй бүрдэх суурь төсөөлөл одоогоор харагдаж байна.