Улсын хэмжээнд 197 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаан буудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал гээд нийт 216 мянган га-д тариалалт хийгээд буйг салбарын яамнаас өчигдөр мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд үр тарианы тариалалт 50.8, үүнээс улаан буудайнх 52, төмснийх 40, хүнсний ногооных 23, малын тэжээлийнх 2.3, тосны ургамлынх 14 хувьтай байгаа аж. Одоогоор тариалангийн ихэнх бүс нутагт үр тарианы таримлын соёололт жигдэрч, 3-4 хэмийн хүйтнийг даах хэмжээнд хүрчээ. Хаврын тариалалтад зориулан хүсэлт ирүүлсэн 469 иргэн, аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 11.3 мянган тонн улаан буудайн үрийг 20-30, 246 тонн шатахууныг 50, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод буй гэнэ. Мөн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр, төрлийн 176 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, үнийг нь 80 хувь хөнгөлөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгожээ.
Бэлтгэсэн: Б.Сонор