Цар тахлын улмаас дэлхий дахинд цахим борлуулалтын хэмжээ 2020 онд өмнөх жилийнхээсээ 70 орчим хувиар өссөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж байна. Ялангуяа онлайн худалдаа эрхлэгч, худалдан авагчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын жижиглэн цахим худалдааны орлого 2019 оныхоос есөн их наяд юаниар давж, үнэмлэхүй амжилт үзүүлжээ. Түүнчлэн “Амазон” сувгаар дамжуулан худалдаа хийсэн хүний тоо энэ оны эхний улиралд 2019 оны мөн үеийнхээс бараг гурав дахин нэмэгдсэн дүн гарав. Цар тахал бизнесийн дийлэнх салбарт сөргөөр нөлөөлж, мөнгөний эргэлтийг багасгаж, эдийн засгийг агшааж буй гэх ч үйлдвэрлэгчид хил хязгааргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулж, дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгч олох боломж бүрджээ. Тэгвэл манай улсын аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ онлайнаар гадаад зах зээлд зарах, цахим экспортыг хөгжүүлэх боломж хэр байгаа бол. Энэ талаар сонирхлоо.
Ноолууран бүтээгдэхүүний үндэсний томоохон үйлдвэрлэгчийн борлуулалт 2020 онд өмнөх жилүүдийнхээсээ дунджаар 60 хувиар буурсан бол дотоод, гадаад дахь цахим худалдааны орлого нь 2019 оныхоос барагцаалбал 10 дахин өсжээ. Улмаар тус компани олон улсын зах зээлд цахим шинэ дэлгүүрүүд нээж, ИБУИНВУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, Польш, Францын хэрэглэгчдэд үйлчилж эхэлжээ. Ийнхүү онлайн худалдааны сувгаа олшруулж, хэрэглэгчээ өсгөхөд төрийн оролцоо байгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, зах зээлээ өөрсдөө олж, холбоо тогтоон, тухайн улс орон, бүс нутагт шаардлагатай маркетинг хийж, дэлгүүрүүдээ нээсэн аж. Тус компанийнхан одоогоор “Google” платформ болон сошиал сувгуудыг ашиглан худалдаа хийж буй бөгөөд ХБНГУ-ын үндэсний цахим борлуулалтын платформоор бараагаа зараад удаагүй гэнэ. Мөн “Амазон”-оор бүтээгдэхүүнээ худалдах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг нь “Амазон” хүлээн аваад хянаж буй агаад хэлэлцээ өрнүүлж байгаа гэлээ. Хэрэв уг платформоор хувцас, эдлэлээ зарж эхэлбэл нэг жилийн орлогоо 20 хүртэлх хувиар ахиулах тооцоо хийсэн байна. Мэдээж борлуулсан бүтээгдэхүүн тус бүрийн тоогоор шимтгэл өгөхөөс гадна цахим талбарт байрлуулсны хөлсийг сар бүр төлөн, тээвэрлэлтээ өөрсдөө хариуцах учраас цэвэр ашиг ямар байх талаар нарийвчлан тооцож, судалж байгаа гэсэн.
Ноолууран бүтээгдэхүүнээс гадна манай улсад үйлдвэрлсэн чацарганатай бэлдмэл, архи, гоо сайхны бараа, ноосон эдлэл гадаад зах зээлд танигдсан бөгөөд Япон, БНХАУ, ОХУ, Европын Холбооны зарим улсад хувь хүн, компаниар дамжуулан тодорхой хэмжээгээр зарж буй. Үүнд худалдааг дэмжих “Tram” төсөл болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын оролцоо, дэмжлэг бий бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг ч цахимаар хийж хэвшсэнийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ. Тэрбээр “Цахим экспорт, борлуулалтыг өсгөхөд манай компаниудад тулгардаг нэг бэрхшээл нь хөрөнгө санхүү. Аль ч улсын зах зээлд бүтээгдэхүүнээ зарахын тулд бараагаа тээвэрлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж, хадгалах агуулахтай байх шаардлагатай. Тээврийн зардал болон агуулахын түрээсийн өртөг их, зарим тохиолдолд тухайн улсад нь хариуцсан мэргэжилтэн томилох, сурталчилгаа хийх зэргээс зардал өндөр гардаг. Тиймээс олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг компаниудын экспортоос олж буй орлогод үндэслэн тусгайлан зээл олговол зохино гэж би боддог. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэчихвэл үндэсний зарим үйлдвэрлэгч ялангуяа ноос, ноолуурын салбарынхан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас аль ч улсаас орлого олох боломжтой. Нэмж хэлэхэд, ирэх онд бид ӨМӨЗО-ы Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” төв байгуулахаар төлөвлөн, төслийн ажлаа эхлүүлсэн. Уг төвийг нээвэл тэнд гаалийн баталгаат болон хадгалах агуулахтай болно гэсэн үг. Ингэснээр Хятадын зах зээлд цахим худалдаа эрхлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Цар тахлын үед цахим худалдааны хэмжээ нэмэгдсэн хэвээр байгааг “Mongolian marketing consulting group” өнгөрсөн улиралд тайлагнасан. Тухайлбал, манай улсын тэргүүлэх 50 компанийн 27 хувь нь сүүлийн хоёр жилд дижитал медиа сурталчилгаанд зарцуулах төсвөө нэмж, цахим талбараас олсон орлого нь 2020 онд нэг жилийн өмнөхөөсөө 20 хүртэлх хувиар ахижээ. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд онлайн дэлгүүрүүдийн захиалгын тоо жирийн үеийнхээс 80 хувиар өссөнийг “shoppy.mn”-ийнхэн дурдсан. Гэхдээ гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдүүлсэн компанийн тоо нэмэгдээгүй, экспортын барааны нэр, төрөл төдийлөн олшроогүй аж. Цахим экспортод тулгарч буй бэрхшээлийн талаар нэгэн жишээ дурдъя. Алтайн барагшуунаар төрөл бүрийн савлагаатай, биологийн идэвхт бэлдмэл хийж борлуулдаг компани бий. Тус компани нь нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүр, эмийн сангаар төдийгүй орон нутагт ч бүтээгдэхүүнээ худалддаг. Тэдний борлуулалтын дараагийн том зах зээл бол БНХАУ-ын ӨМӨЗО гэсэн. Учир нь өвөрмонголчууд барагшууны ач тусыг ойлгодог, уламжлалт эм, эмчилгээндээ хэрэглэж иржээ.
Түүнчлэн Монгол, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн худалдаанд удаа дараа тус компани оролцон, барагшуунтай бэлдмэлүүдээ урд хөршийнхөнд таниулж чадсан аж. Гэсэн ч тогтмол экспортлон, борлуулалтын сувагтай болохын тулд тухайн улсын эрүүл мэндийн төв байгууллагын зөвшөөрлийг авч, өөрөөр хэлбэл, магадлан итгэмжлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх учиртай болж. Монголын холбогдох байгууллагуудаас эрүүл мэндийн бэлдмэлүүдэд тавих бүх зөвшөөрлөө авч, шаардлага ханган, үйл ажиллагаагаа эхлүүлээд цөөнгүй жил болсон ч хамгийн ойр байгаа зах зээл рүү гарч чадахгүй буйгаа тэд дараах байдлаар тайлбарласан. Юуны түрүүнд, дээр дурдсанаар тухайн улсынхаа хүнс, эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцэхгүй байгаа, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нэлээд цаг хугацаа, хөрөнгө зарцуулах учиртай гэлээ. Өвөр Монголын Баяннуур аймагт цахимаар бүтээгдэхүүнээ борлуулахаар тохиртол эхний ээлжид 30 орчим сая төгрөг хэрэгтэй гэсэн шаардлага Монгол, Хятадын хамтарсан компани тавьжээ. Уг мөнгийг төлбөл ӨМӨЗО-ы худалдааны сайтуудад барагшуунтай бэлдмэлүүдийн талаарх мэдээлэл байршуулж, дистрибьютер олоход нь тусалъя гэсэн байна. Хэрэв дистрибьютер буюу төлөөлөн борлуулагч олж чадахгүй бол тээвэр, хадгалалтын өртөг болон хэрэглэгчдэд танигдан, ашиг олох хүртэлх бүх зардлаа өөрсдөө даах учиртай гэжээ. Үүнд нэг жил орчмын хугацаа, 100 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан учраас одоохондоо азнасан гэсэн. Хэрэв урд хөршийн эм, биологийн идэвхт бодисын стандартад нийцсэн гэсэн батламжтай бол дундын зуучлагчгүйгээр түншүүд, харилцагчдынхаа дэмжлэгтэйгээр барагшуунтай бэлдмэлээ зарж болох талаар үйлдвэрлэгчид нь хэллээ. Цахим экспортод Монголын талын төрийн байгууллага, худалдааны танхимуудын нөлөө байхгүй, тухайн компанийн гадаад хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний чанарын асуудал л бий гэж байв.
“Амазон”, “Таобао” зэрэг цахим худалдааны томоохон платформоор бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юуны түрүүнд тэдгээр сайтад нь хүсэлт гаргах аж. Хүсэлтийг нь хянаж үзээд, ямар бүтээгдэхүүн борлуулах боломжтой талаар хариу мэдээлдэг юм байна. Одоогоор манай улсад болон гадаадад амьдардаг монгол хүмүүс “Амазон”-оор номоо зарж буй бөгөөд уг сайтад данс нээлгэсний төлбөр болгож сар бүр 40 орчим ам.доллар, борлуулсан ширхэг тус бүрийн үнийн дүнгийн 20 хүртэлх хувиар шимтгэл төлдөг аж. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ АНУ хүртэл тээвэрлэх, баталгаат агуулахуудад хадгалах, “Амазон” сайт руу “оруулж”, зарахад бэлэн болгох хүртэл хоёр сар орчмын хугацаа зарцуулна гэсэн. Харин урд хөршийн сайтуудаар бараагаа борлуулахад юуны түрүүнд хүнснээс бусад бүтээгдэхүүнийхээ жагсаалт (хүнс, эм, био бэлдмэлд тавих стандарт, гэрээний нөхцөл өөр), танилцуулга зэргийг цахимаар явуулж, тухайн сайтуудын шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулах аж. Сар бүр тогтмол төлбөр төлөхийн зэрэгцээ үнийн дүнгийнх нь хувиас шимтгэл өгдөг гэнэ. Түүнчлэн долоо хоног болон сард тээвэрлэн хүргэх барааны тоо ширхэг, сар бүрийн хэднээс хэдний өдөр бараагаа бэлэн байлгах тов, тухайн бүтээгдэхүүн гологдон буцаахад эргүүлэн авч байх хугацаа, цахим талбарын хаана нь бараагаа “өрүүлэх”, харагдац нь ямар байх талаар нарийн тодорхой тусгасан гэрээ байгуулдаг юм байна. Хэрэв тухайн улсад нь суурин төлөөлөгч, итгэмжлэх хүмүүстэй байвал ажиллахад илүү хялбар болох, эсвэл гадаад хэл, худалдааны гэрээ хэлцлийн өндөр мэдлэгтэй зуучлагчдаар дамжуулбал үр дүнтэй байдаг аж.