Нүүрс тээвэрлэх чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ. Үүний хариуг ирүүлсэн бөгөөд УИХ-ын ирэх баасан гаргийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна. Асуулгын хариуд “Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын тээвэрчдийг дэмжих зорилгоор нүүрсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн, монгол дугаартай автомашинаар тээвэрлүүлж байна. Нүүрс тээвэрлэх жолооч нарын олонх нь коронавирусийн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан. Мөн уул уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уурхайнуудын 38.8 мянга гаруй ажилчныг таван чиглэлээр дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний хоёр чиглэл болох Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхлэгч 84 аж ахуйн нэгжийн 9658 уурхайчныг вакцинд хамрууллаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд нүүрсний экспорт 6.8 сая тоннд хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд Гашуунсухайтын боомтод эрдэс баялгийн экспортын болон зорчигч, ачаа тээврийн бүс байгуулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, гаалийн лаборатори суурилуулж, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэдэг болохоор ажиллаж байна” гэжээ.
Бэлтгэсэн: Б:Анх