УОК-ын шийдвэрээр энэ сарын 22-ноос зах, худалдааны төвүүд, ресторан, кафе, сүлжээ хоолны газар, зочид буудал, амралтын газар, сауныг нээсэн. Ингэхдээ эдгээр байгууллагынхан давтан тунгаа тариулаад 14 хоносон иргэдэд үйлчлэхээр журамласан юм. Удтал хаалттай байсан худалдааны төв, фитнес, зоогийн газар хөл хорионы дэглэмийн дараа хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.
Зарим газар дөнгөж үүдээ нээж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхээр цэвэрлэгээгээ хийж байв. Ажиллаж эхэлсэн зоогийн газрууд үйлчлүүлэгч олонтой байлаа. Тухайлбал, “Юү лонг” хятад хоолны ресторанаар ороход халдвар хамгааллын дэглэм сахиж, ширээ хоорондын зайг барьжээ. Тэнд 10 гаруй хүн үйлчлүүлж харагдлаа. Тус зоогийн газрын зохион байгуулагч Б.Зоригболд “Хөл хорио сулруулсан эхний өдөр олон хүн үйлчлүүлсэн. Өнөөдөр 10 гаруй хүн орж ирлээ. Бид үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж, гарыг нь ариутгуулсны дараа ширээнд суулгаж байна. Иргэд гар утсаараа QR код уншуулахдаа жаахан хойрго хандаж байгаа. Бид иргэдэд шаардлага тавьж, QR кодыг нь уншуулан захиалга өгөх журам хэрэгжүүлж буй. Манай зоогийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд, үйлчилгээний байгууллагын хувьд УОК-оос гаргасан заавар, журмын дагуу ажиллана” гэв.
“Бөмбөгөр” худалдааны төвд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж буйг үзэхээр очлоо. Үүдээр нь ормогц хамгаалалтын хувцас өмссөн угтах үйлчилгээний ажилтан халуун хэмжиж, QR код уншуулахыг зөвлөж байв. Өргөн хэрэглээний бараа, бэлэн хувцасны тасагт иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Зарим нь нээгээгүй, нэг хэсэг нь бараагаа дөнгөж баглаа боодлоос нь гаргаж байлаа. Худалдаа эрхлэгчид “Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Ойр зуурын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн л авч байна. Арай хямдхан байна уу, үнийг нь бууруулах уу гэх хүн цөөнгүй. Бараа авах биш, үзэж яваа хүн олон байна” гэж ярилаа.
Хөл хорионы дараа үүдээ нээгээд удаагүй байгууллагуудын нэг “Gold’s gym” фитнест очиход гишүүн бус, нэвтрэх эрхгүй гээд үүдээрээ оруулсангүй. “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын дагуу бид тодорхой шаардлага хангасан гишүүдээ нэвтрүүлж байгаа. Манайхаар үйлчлүүлэхдээ “Ковид-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, гэрчилгээгээ үзүүлэх, клубт амны хаалт байнга зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол ариутгаж, нэг удаагийн бээлий өмсөх шаардлага иргэдэд тавьж байна. Ажлын өдрүүдэд 11.00-12.00, 16.00-17.00, амралтын өдрүүдэд 14.00-15.00 цагт заал, танхимаа ариутгаж, цэвэрлэгээ хийж байгаа” хэмээн дээрх фитнес төвийн багш Э.Энхням хэллээ.
Ташрамд дурдахад, үйл ажиллагаа явуулж эхэлсэн худалдаа, үйлчилгээний 8844 аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгасан байна. Зөрчил гаргасан, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй 24 аж ахуйн нэгж, байгууллагад тус газраас албан шаардлага хүргүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан