Сонгинохайрхан дүүргийн VII хорооны оршин суугч, таван ам бүлтэй гэрийн эзэн Г гэр ахуйн модон тавилга хийн, “Хархорин” захад борлуулаад 10 гаруй жил өнгөрчээ. Монгол гэрт амьдардаг хүмүүсийн хэрэглээнд тохиромжтой гал тогооны шүүгээ, ширээ, сандал, зурагтын тавиур зэргийг анхлан хийж эхэлсэн ч өдгөө орон сууцад тавих боломжтой тавилгууд хийж сурсан юм байна. Эхнэрийнхээ хамт өдөрт нь зах дээр зогсон, өглөө, оройн цагаар тавилгаа хашаан дахь цехдээ угсарч, бэлтгэн худалддаг аж. Тэдний нэг сарын борлуулалтын орлого нь коронавирус тархахаас өмнө 1.2-1.5 сая төгрөг байжээ. Үүнээс “Хархорин” захын түрээсийн төлбөрт сард 600 000 төгрөг төлж, “Бонго” маркийн автомашиндаа 150 000-200 000-аар шатахуун хийн, ажлаа нугалдаг байсан гэв.
…Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөгчдийн тайланд үндэслэснээр иргэдийн цалингийн орлого 2020 оны дөрөвдүгээр улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.9, өмнөх улирлаасаа 4.6 хувиар нэмэгдсэнийг дурдсан. Гэтэл бодит байдалд амьдрал ахуй нь дээшилсэн, орлого, ашиг нь нэмэгдсэн айлууд тааралдахгүй байна. Харин ч “Дундаж амьдралтай байснаа ядуу тарчиг болсон нь олон таарав…
Г-гийнх хашаа, байшингаа барьцаалан “Хас” банкнаас найман сая гаруй төгрөгийн бизнесийн зээлийг гурван жилийн хугацаатай аваад хоёр жил орчим болжээ. Өдгөө сар бүр 280 000 төгрөгийг зээлдээ төлдөг юм байна. Ийнхүү зээл болон түрээсийн төлбөр, шатахуун гэсэн гурван зардалд нэг сард 1.1 сая орчим төгрөг зарцуулж байсан гэнэ. Зах дээр ажиллахад өдөр бүр жижиг сажиг бараа борлуулж дөнгөдөг учраас бага хэмжээний мөнгөөр тасардаггүй байж. Тиймээс маргаашийн хүнсээ урьд өдөр нь базаадгийг гэрийн эзэгтэй Ө дурдав. 3-13 настай гурван хүүхэдтэй учраас хоол хүнсэндээ үлдсэн бүх мөнгөө зарцуулдаг бөгөөд ямар нэгэн хадгаламж, хуримтлалгүй гэсэн. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр дотоодод короновирус тархан, янз бүрийн байдлаар хөл хорио тогтоосноор Г-гийн амьжиргаа мэдэгдэхүйц доройтон, мах авч чадахгүйд хүрч, талх идээд хонох өдөр ч тохиолдсоныг Ө хэлсэн юм. Тэрбээр “Ер нь гэрийн тавилга худалдан авах нь сүүлийн 4-5 жил буурсан. Учир нь тавилга хийдэг томоохон компаниуд олон болж, бүтээгдэхүүнээ лизингээр зарж хэвшсэн нь жижиг цехүүд, мужаануудын борлуулалтыг багасгасан.
Орлого ашиг улам бүр буурч байтал хөл хорио тогтоосон нь нэрмээс боллоо. “Хархорин” захыг хаасан ч бид бараагаа хадгалуулсны төлбөрт сард 100 000, хоногийн 3300 төгрөг төлсөн. Мөн “Хас” банкны бизнесийн зээл төлөлтийг хойшлуулсан ч хүүд нь сард 60 000 орчим төгрөг заавал төлөх учраас хувь хүнээс нэг сарын найман хувийн хүүтэй мөнгө зээлэх шаардлага гарсан. Манайх өдгөө нэлээд өртэй, наймаа сайнгүй л байна. Гурван хүүхдэд маань сард 300 000 төгрөг өгч байгаа нь том дэмжлэг болж буй. Хүүхдийн мөнгөнөөс өөр халамж улсаас авдаггүй, бид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй” гэлээ. Г, Ө нарын тавилгын борлуулалтаас олох орлого багассан бас нэг шалтгаан нь модон материалын үнэ өссөнтэй холбоотой аж. Тухайлбал, тэдний гол хэрэглээ болох 1.2 метрийн өргөн, 2.4 метрийн урттай хавтангийн үнэ 30 000 төгрөг байснаа гурван жилийн дотор 48 000-д хүрсэн аж. Мөн эрэг, боолт, түгжээ, цавуу, хуулга зэрэг туслах материалын ханш ч сүүлийн хоёр жилд 40-50 хувиар нэмэгдэн, хил хаасны улмаас олдоц нь ховорджээ. Гэсэн ч тавилгынхаа үнийг өсгөе гэхэд худалдан авах хүн улам бүр олдохгүй болж, сул зогсох магадлалтай учраас бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өөрчлөөгүй гэж байлаа.
Чингэлтэй дүүргийн XIX хороонд амьдардаг хоёр хүүхдийн аав, өрх толгойлсон эцэг А-гийн амьдрал коронавирусийн тархалт, хөл хорио, хязгаарлалтын нөлөөгөөр хүнд байдалд оржээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлалтай цайны газарт бэлтгэгч, туслахаас эхлүүлэн ахлах тогооч хүртлээ долоон жил орчим ажиллажээ. Анх ажилд орохдоо 400 000 төгрөгийн цалин авч байснаа өдгөө 900 000 авах болж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл өгч, гар дээрээ 760 000 орчим төгрөг авдаг гэнэ. Эл мөнгөнөөс сүүлийн хоёр жилд зурагт, хөргөгчний лизингт сард 180 000-ыг төлж, үлдсэнийг нь хэрэглээндээ зарцуулдаг гэв. Хувийн унаагүй учраас автобус дамжин ажилдаа ирж, очихдоо өдөрт 2000 төгрөг төлдөг бөгөөд 15 хоногт нэг амардаг юм байна. Гэрт амьдардаг, өр зээлгүй боловч 8,12 настай хоёр хүүхдийн идэж, өмсөх болон түлээ түлш, цахилгааны зардал зэрэгт цалингаа бүрэн зарцуулж, мөнгө муутайхан амьдардаг гэдгээ тэрбээр нуусангүй. Түүнчлэн цайны газрынх нь ойролцоо БНСУ-ын франчайз дэлгүүр хоёрыг ч нээсэн 2019 оны зунаас орлого нь буурч, тэднийх нэг туслах ажилтнаа халснаар ачаалал нь өссөн гэлээ.
Автобус зогстол ажиллах тохиолдол ч гарч, гэр лүүгээ таксигаар явахад 20 000 орчим төгрөг төлсөн удаа ч цөөнгүй байжээ. Үүний зэрэгцээ хөл хорио тогтоосон, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль хичээллэхээ больсон, мөн иргэд, ажилчид гадуур хооллох нь багассанаас орлого нь 50-60 хувиар тасарч, цаг тухайд нь цалингаа авч чадахгүй нөхцөлд ч хүрчээ. Улмаар эзэд нь ирэх долдугаар сар хүртэл харзнаж байгаад цайны газраа хааж магадгүй гэдгээ түүнд дуулгасан гэсэн. Учир нь франчайз дэлгүүр олширсон нь цайны газруудын орлогыг бууруулж, мөн коронавирусийн тархалтаас сэргийлэн иргэд гадуур хооллох нь багассан нь жижиг цайны газар, гуанзуудыг үүдээ барих нэг шалтгаан болж буй аж. Мөн цар тахал дэгдэн, байсхийгээд хязгаарлалт хийсэн нь тогтвортой ажиллах боломжийг нь хаан, цаашид цайны газар ажиллуулах, эсэхдээ эргэлзэх хүмүүс цөөнгүй болжээ. А “Их, дээд сургууль төгсөөгүй энд, тэнд туслах ажилтан, бэлтгэгч зэрэг хар бор ажил эрхэлдэг тааруу орлоготой, гэр хороололд амьдардаг хүмүүсийн зарим нь халамжаар амьдардаг, ажил хийх дургүй, залхуу улс хэмээх нь бий. Манай эхнэр хүнд өвдсөн учраас бид эмнэлэг бараадан, Увсаас шилжиж ирээд найман жил, эхнэр маань бурхан болоод таван жил өнгөрсөн.
Энэ хооронд би нэг ч өдөр ажил хийхгүй сууж үзээгүй. Хамаатныхаа хүний цайны газарт нярав болон ачаа барааг нь татаж өгдөг туслахаар ажиллаж, яваандаа ахлах тогооч болсон. Энэ хугацаанд 900 000 төгрөгөөс илүү цалин авч, өөр орлого ч олж үзсэнгүй. Хүүхдүүд сургуульдаа явахгүй онлайнаар хичээллэх болсноор “Манай интернэт” гэртээ тавиулсан. Хамгийн хямд багцыг нь авсан бөгөөд сард 30 000 төгрөг төлдөг. Хэрэв дата нь дуусчихвал нэмж мөнгө төлөх нь бий. Би архи, тамхи хэрэглэдэггүй, ер нь илүү зарлага гаргахгүй амьдрахыг хичээдэг. Хичээгээд байхад л амьдрал минь дээшлэхгүй харин ч өдөр ирэх бүр доройтон, худалдан авах чадвар буурч буй нь бараа, бүтээгдэхүүний үнэ байнга өсдөгтэй холбоотой. Бодоод үз дээ, хоёр жилийн өмнө 100 000 төгрөгөөр чамгүй хүнс авдаг байсан бол өдгөө ийм мөнгөөр хүнс, ахуйн барааны зүйлс хоёр дахин багыг авч байна шүү дээ. Хэрэв бүрмөсөн ажилгүй болбол би юу хийх билээ. Эхнэр ажил хийдэггүй байсан учраас хүүхдүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаггүй” хэмээн ярив.
Дээрх хоёр айл бол тогтмол ажил эрхэлдэг, цалин орлогоосоо амьдралаа болгодог дундаж амьдралтай өрх. Аль ч айл нь хүүхдийн мөнгөнөөс өөр халамж авдаггүй юм байна. Тавилга хийж зардаг Г-гийнх жижиг, дунж бизнесийг дэмжих зээлээс авахаар хөөцөлдсөн ч барьцаа хөрөнгөгүй буюу хашаа, байшингаа барьцаалсан зээлтэй учраас бүтээгүй аж. А ямар нэгэн зээл авах талаар бодож үзээгүй, мэдээж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүйгээс зээлийн шалгуур хангахгүй гэдгээ мэддэг гэж хэлсэн юм. Манай улсад хамгийн сүүлд 2018 онд хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 28.4 хувь байсан нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдардаг гэсэн үг. Түүнчлэн нийт хүн амын 14.9 хувь нь нэмж ядууралд өртөхөд ойрхон буюу 474.8 мянган иргэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч буйг 2020 оны дөрөвдүгээр улиралд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан тайланд дурдсан. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр 2020-2021 онд 1100 гаруй аж ахуйн нэгж ажлын байраа 33 хувиар цомхотгож 260 мянган хүн ажилгүй болсон хэмээн дээрх байгууллага дурдсан. Ажлын байрыг болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бага хувийн хүүтэй зээл олгож байгаа ч хувийн бизнесгүй, барьцаа хөрөнгөгүй хүмүүс шалгуурт нийцэхгүй, ахуй амьдралаа дээшлүүлэх өөр гарц олж чадахгүй өдөр хоногоо өнгөрүүлж байна. Хэдийгээр цахилгаан, дулаан, усны төлбөрийг коронавирус дэгдсэн энэ үед төрөөс хөнгөлж, үндсэн зээл төлөх хугацааг хойшлуулсан ч ирэх долдугаар сараас иргэд, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлж эхэлнэ. Мөн ажлын байрыг дэмжих зээлийг нэмж ажлын байр үүсгэсэн компанид бус, тухайн ажлын байраа хадгалсанд нь өгч байгаа нь нэгэнт ажилгүй болсон хүмүүст үр өгөөж багатай байна.
Манай улсын эдийн засаг өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7 хувиар өсөн, экспортын хэмжээ нэмэгдэн, инфляц ойрын жилүүдийн хамгийн нам түвшинд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөгчдийн тайланд үндэслэснээр иргэдийн цалингийн орлого 2020 оны дөрөвдүгээр улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.9, өмнөх улирлаасаа 4.6 хувиар нэмэгдсэнийг дурдсан. Гэтэл бодит байдалд амьдрал ахуй нь дээшилсэн, орлого, ашиг нь нэмэгдсэн айлууд тааралдахгүй байна. Харин ч “Дундаж амьдралтай байснаа ядуу тарчиг болсон нь олон таарав. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг сар гаруйн хугацаатай тогтоосон хатуу хөл хорионы үед хоосон хонож байсан” гэсэн хүмүүс цөөнгүй байна билээ. Ялангуяа хувиараа жижиг бизнес эрхэлдэг, зах, худалдааны төвүүдэд хүнснээс бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ажилладаг, хүмүүсийн амьжиргаа илт доройтжээ.