Монголын хөрөнгийн зах зээл “ногоорч” байна. Санхүүгийн зах зээлд өсөлтийг ногоон өнгөөр тэмдэглэдэг. Харин уналтыг улаан өнгөөр тэмдэглэнэ. Мөн өсөлттэй байгааг нь бух, уналттайг нь баавгай зах зээл гэж нэрлэдэг. Бух газрын өөд мөргөж хөөдөг учраас өсөлттэй зах зээл. Харин баавгай уулын уруу алгадаж унагадаг учраас уруудаж буй зах зээл гэнэ. Монголын хөрөнгийн зах зээл буханд мөргүүлэн өсөж байна. Ямар бух Монголын хөрөнгийн зах зээлийг мөргөж хөөгөөд байна вэ.
Ерөнхийд нь дүгнэвэл макро эдийн засгийн таатай орчин хэмээх бух хөрөнгийн зах зээлийг мөргөн уулын өөд хөөлөө. Инфляц хэдэн жил дараалан нам дор түвшинд байв. Ингэснээр зээлийн хүү уруудаж байна. Монголбанкны мөнгөний бодлогын арга хэмжээнүүд ч зээлийн хүүг бууруулахад нөлөөлөв. Монголын хамгийн том ХААН банкны жилийн хүү 8.3 хувь болжээ. Үүнээс хүн амын орлогын албан татварын 10 хувийг нь суутгана. Ингэхээр зээлийн хүүгийн өгөөж 7.5 хувь болно. Мөн тухайн жилийн инфляцаа суутгана. Энэ онд инфляц зургаан хувьд хүрлээ гэж бодъё. Тэгвэл төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж 1.5 хувь байх нь. Энэ бол маш бага өгөөж. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөө өөр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулах шаардлага тулгарлаа. Банкны хадгаламжаас өөр санхүүгийн бүтээгдэхүүн худалдаж авч, хөрөнгөө өсгөх зам нь хөрөнгийн зах зээл байдаг. Иргэд Монголын хөрөнгийн биржийн лангуун дээрх хувьцаануудыг “онгичиж” байна. Тэгээд боломжийн гэж үзсэн хувьцаагаа худалдан авч эхэллээ. Монголын хөрөнгийн биржид өдөрт 10 сая төгрөгийн арилжаа хийж, доройтож явсан үе жилийн өмнөхөн. Тэгвэл өдгөө биржийн нэг өдрийн арилжаа хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх болов. Монголд хөрөнгийн зах зээл “моодонд” орж байна. Сайн компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болговол худалдаж авах, сонирхох хүн олон болжээ. Нөгөөтээгүүр, үнэт цаасны эрэлт үүссэн хэрэг.
Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш хэрхэж буйн чиг луужин болдог “Топ 20” индекс жилийн өмнө 16 орчим нэгжээр хэмжигдэж байв. Тэгвэл эдүгээ 36 мянгад тулжээ. “Топ 20” индекс ийнхүү хоёр дахин өслөө. Индексийн илэрхийллээр бол Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш хоёр дахин өссөн хэрэг. Гэхдээ индекст багтаж буй 20 компанийн бүгдийнх нь хувьцааны ханш өсөөгүй гэдгийг онцлоё. Харин хөрөнгийн зах зээлд өнөөдөр ч, маргааш ч өсөлт ажиглагдах нь тодорхой байгаа билээ. Тиймээс “Топ 20” индекс луужинг зөв зүгт зааж байна. Арилжааны банкуудын хадгаламжид буй 17 их наяд төгрөгийн 10 хувь нь хөрөнгийн зах зээл рүү урсвал хөгжлийг хэдэн алхам урагшлуулж дөнгөнө.
“Топ 20” индекст багтдаг “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны ханш 11 030 төгрөгтэй дүйж байна. Зах зээлийн үнэлгээ нь 315 тэрбум төгрөгт хүрсэн аварга компани болжээ. Тус компанийн хувьцааны ханш энэ оны эхэнд 1700 төгрөгтэй дүйж байсан. Таван сарын хугацаанд бараг долоо дахин өсөв. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нийгмийн сүлжээгээр “Бид банк худалдаж авах гэж байна” гэж мэдээлсний дараа уг компанийн хувьцааны ханш огцом өссөн юм. Хувьцааныхаа ханшийг хангалттай өсгөсөн ч ямар банкны хувьцаа худалдаж авах нь тодорхойгүй байна. Магадгүй тэд хувьцааныхаа ханшийг өсгөхийн тулд хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж байж мэднэ. Ямартай ч энэ компанийн хувьцааны ханш “Топ 20” индексийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэлээ.
Ч.Ганхуяг мэдэгдэл хийж, компанийнхаа хувьцааг өсгөчихөөд зарсан бол гэмт хэрэгтэн болно. Ингэвэл өөртөө өндөр өгөөж хүртэхийн тулд ханшийг зохиомлоор хөөрөгдсөн хэрэгт унах юм. Тиймээс хувьцаагаа зарахгүй байна. Харин ч хувьцаагаа халаасална гэж мэдэгдэж, зах зээлээс өндөр үнээр худалдан авч байгаа. Нэг талаар ингэж хувьцааныхаа ханшийг өндөр дүнд байлгаж байгаа хэрэг. Яагаад хувьцааныхаа ханшийг хөөрөгдөх болсныг зарим хөрөнгө оруулагч гайхаж буй. Энэ компани гэнэтийн ололт, ирээдүйд ашиг орлого нь нэмэгдэх нээлт хийсэн зүйл алга. Тиймээс “хоосон” өсөлт үзүүлжээ.
“Хоосон” өсөлтийг санхүүгийн зах зээлд хөөс гэж нэрлэдэг. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн залуус “Бид 280 орчим тэрбум төгрөгийн ашиг хийсэн” гэж “жиргэж” байна. Тэд үүнийг хөөс гэж үзэхгүй байгаа. Санхүүгийн тулхтай шинжээчид үүнийг хөөс гэж дүгнэж байна. Шинжээчид “Ард санхүүгийн нэгдэл” 50 тэрбум төгрөгийн бодит үнэлгээтэй л компани гэдэг. Тэгэхээр зургаа дахин хөөсөрсөн байж таарах нь уу. Энэ хөөс хагарвал хөрөнгийн зах зээлийн бодит өсөлт тодорхой болно. Хөөс хэзээ хагарах бол гэж хүмүүс асууж байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөөс үүнээс цаашаа дэвэрч сагахгүй. Өөрсдөө худалдаж авч өндөр ханшид байлгах болов уу. Түүнээс биш, хэзээ мөдгүй хагарахад бэлэн байгаа. “Ард”-ын хөөрөгдлөөс үл хамааран хөрөнгийн зах зээлийг бух мөргөж хөөж байгааг дахин онцолъё.