Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор шатахуун импортолж эхэлсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Эл боомт нь БНХАУ-тай хиллэдэг бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг тэнцвэржүүлэх, олон эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэнэ. Улмаар БНХАУ-ын "Чайна-Ойл" компаниас шатахуун худалдан авахаар болсон байна.
Энэхүү боомтоор "Шунхлай", "М-Ойл" компанийнхан өчигдрөөс шатахуун импортолж эхлэв. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэл баруун бүсийн хэрэглэгчдийн шатахууны хангамж, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн холбогдох албаныхан хэллээ.