Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас олон улсын эдийн засгийн салбар хамгийн ихээр хохироод байна. Манай улсын Засгийн газраас эдийн засгийн салбарыг дэмжих зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлээд буй. Эл хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхлээд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хаврын ноолуур бэлтгэлд 200, газар тариалангийн үйлдвэрлэлд 100, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Эл зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд арилжааны банкаар дамжуулан олгож байгаа юм. Одоогоор 2.165 хүсэлтэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.