Энэ оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 9.2 их наяд төгрөгт хүрч өмнөх жилийн мөн үеийнхээс 1.7 их наядаар буюу 22.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд уул уурхай олборлох салбарын нэмэгдэл өртөг 56.5, бүтээгдэхүүний цэвэр татвар 46.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 40.6 хувийг үйлчилгээ, 29.4 хувийг нь уул уурхайн олборлолт, 14.1 хувийг аж үйлдвэрүүдээс нийлүүлсэн бол гурван хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдсон байна. 1-4 дүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.4 их наяд төгрөгт хүрч, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээл нь 4.9 их наяд төгрөгөөс давж нэгдсэн төсвийн тэнцэл 0.5 их наядын алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр ихэссэн бол төсвийн нийт зардал, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ ч 1.6 их наядаар өссөн гэв. Төсвийн 78 хувийг татварын орлого бүрдүүлж, уг дүн дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны 1-4 дүгээр сарынхаас нэг их наядаар буюу 54 хувиар өссөн дүн болжээ. Үүнд орлогын албан татвар 795 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин, нэмэгдсэн өртгийн болон бусад татвар, төлбөр, хураамж 379 тэрбумаар буюу дунджаар 50 хувиар өссөн нь түлхүү нөлөөлсөн аж. Харин төсвийн зарлага нэмэгдэхэд урсгал болон хөрөнгийн зардал ойролцоогоор 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэв.