Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу "Монголбанк" энэ оны хоёрдугаар улирлын ээлжит репо арилжааг өнөөдөр зохион байгууллаа. Төв банкнаас 350 тэрбум хүртэлх төгрөгийн репо арилжаа зарлаж, зургаан банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлжээ.
Уг санхүүжилтийг авсан банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, 200 болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.
Репо санхүүжилтийн зээлийг ХААН Банк, "Худалдаа хөгжлийн банк", "Голомт банк", "Төрийн банк", "Хас банк", "Капитрон банк", "Тээвэр хөгжлийн банк", "Кредит банк", "Богд банк"-нд хандан авах боломжтой юм байна.