МҮХАҮТ-аас коронавирусийн халдварын тархалтаас улбаатай нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг өчигдөр дэвшүүллээ. Тус санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэхийг тусгасан байв. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монголбанкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулахыг тусгажээ. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах, Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах зэрэг санал гаргав.