Тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх зээлтэй байсан нийт 238 мянган ахмадуудад Засгийн газар үнэт цаас олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногоос Нийгмийн даатгалын хэлтэс, хороо, дүүргээр дамжуулан нэг сая төгрөгийн ваучерыг тарааж буй. Цар тахал газар аваад буй энэ цаг үед ахмадуудаа хороо, дүүрэг, халамж, банкны хооронд нааш цааш явуулж, эрсдэлд оруулах хэрэг үнэндээ байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүндхэн үед ахмадууд үнэт цаасаа авах гэж урт дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм нь алдагдаж, улмаар эрсдэлд орж буйд олон нийтийн санаа зовж байна. Бүр цаашлаад хагас тэрбумын өртөгөөр ваучер гэх цаас хэвлэж, ахмадуудаа зориудаар “хорлох” гэсэн аятай хороо дүүргээр дамжуулан тарааж байгааг иргэд шүүмжилж байна.
Нөгөө талдаа төр засгаас халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй хэмээж буй. Тийм атлаа ярьсаныхаа эсрэг үйлдэл хийж ваучер тараалаа. Ваучер аваагүй бол мөнгөн урамшууллыг олгох, эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодрууллаа. Тэрбээр, “Үнэт цаасны батламжийг “Эрдэнэс Монгол" компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас хэвлэн гаргасан. Иргэд энэ батламжийг авахыг хүсвэл харъяа нийгмийн даатгалын хэлтсээсээ авах боломжтой. Бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үнэт цаасны батламжаа авсан эсэхээс үл хамаарч тухайн ахмад настны тэтгэвэр авдаг банкны харилцах дансаар дамжуулан хуулийн дагуу тавдугаар сарын 21-ний дотор мөнгийг шилжүүлнэ. Энэ хугацаанд багтаж үнэт цаасыг мөнгөжүүлнэ. Иргэд дүүргийн хэлтэс дээрээс батламж авах хүсэлтэй бол ирээд авч болно. Эрсдэлтэй энэ үед ахмадууддаа заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй” гэдгийг онцоллоо.
Ахмадууд урамшуулал мөнгөө авахад ваучер нь хэрэггүй байсан бол яагаад хэнд ч хэрэггүй үнэт цаасыг хэвлэж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан бэ. Уг үнэт цаасыг хэвлэхэд “Эрдэнэс Монгол" компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас багагүй мөнгө гаргасан байна. Тодруулбал, ваучерыг хэвлэхэд "Эрдэнэс Монгол" компани хагас тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 19-нд 297 180 255, тавдугаар сарын 6-нд 295 422 315, нийт 592 602 570 төгрөгийг "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК-д шилжүүлснийг Шилэн данснаас харж болно. Энэхүү компани нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн үүсгэн байгуулалцаж, хувь эзэмшдэг компани аж.
Өөрөөр хэлбэл, төрийн сайд хүн ашиг сонирхлын зөрчил гэмээр үйлдэл гаргаж, олон нийтийг бухимдуулж, ахмадуудыг цар тахлын үед гэрээс нь гаргаж эрсдэлд орууллаа. Ингэж албан, тушаал эрх мэдлээ ашиглаж байгаа нь “мөнгө угаах арга” хэмээн хүмүүс хардаж буйгаа цахим орчинд нуухгүй илэрхийлсээр байна.