Дэлхий нийтэд коронавирусийн халдварт цар тахал тархсанаар эдийн засгийн гүн хямрал нүүрлээд буй. Хүн төрөлхтөнд 1980-аад оноос хойш тохиосон хамгийн том хямрал нь энэ удаагийнх юмсанж. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 10.1 хувиар буурчээ. Өмнөх хямралуудад ДНБ-ий хэмжээ 2.6-4 хувиар буурсан статистик бий. Харьцуулаад харвал, энэ удаагийн хямрал хэр гүнзгий болох нь төвөггүй ойлгогдоно. Хүн төрөлхтөн цар тахалд нэрвэгдэхгүйн, мөн эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлэхгүйн төлөө ухаан бодлоо уралдуулж байна.
Хэрэв хөл хориог сулруулж, бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлбэл эдийн засагт дарамт болохгүй. Харин хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байвал иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах хэмжээний том нөлөө үзүүлж чадахгүй болов уу
Цар тахал болон түүнтэй тэмцэх үеийн хөл хорионоос үүдсэн эдийн засгийн хямрал гэсэн хавсарсан “аюул”-ыг даван туулах гол найдвар нь вакцинжуулалт болсон. Улс орнууд иргэдээ вакцинд олноор хамруулахын хэрээр эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл найдвар батжиж байна.
БНХАУ-аас коронавирусийн халдвар анхлан тархсан. Гэтэл тэднийх цар тахалтай тэмцэх оновчтой бодлого шуурхай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтөө хадгалж чадав. Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 2.3 хувиар өссөн юм. Тэгвэл олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид “Энэ онд Хятадын эдийн засаг 7.9 хувиар өснө” гэж таамаглаж байна. Энэ бол өндөр өсөлт. Өмнөд хөршийн ДНБ энэ оны эхний улиралд 18.3 хувиар огцом дээшилжээ. Ийнхүү тийрэлт ихтэй хөдөлгүүртэй юм шиг урагшилсан хэрэг. Эдийн засагчид сүүлийн үед “Өс хонзонгийн эдийн засаг” гэх нэр томьёог хэрэглэх болсон. Хөл хорионы дараа хүмүүс хэрэглээгээ асар их нэмдэг зан төлөв ажиглагддаг гэнэ. Энэ нь эдийн засгийн идэвхийг ихээхэн нэмэгдүүлдэг байна. Хятад хэмээх аварга том эдийн засагтай орны үйлдвэрлэл, худалдан авалт, хэрэглээ ихээхэн нэмэгдэж буй. Тэр хэрээр эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэгэхээр тэднийх “өс хонзонгийн эдийн засаг”-тай болсон байх нь. Хятадын эдийн засгийн өсөлт Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын зах зээлд шууд нөлөөлдөг. Цаашлаад дэлхийн эдийн засагт ч нөлөө нь “нэвтэрнэ”. Дэлхийн банкнаас энэ онд дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар өснө гэж таамаглажээ. Дээр дэлхийн ДНБ 10.1 хувиар буурсныг дурдсан. Тэгвэл энэ онд алдсаныхаа талыг нь нөхөж авах нь.
Дэлхий хийгээд манай улсын эдийн засгийн гол түлш Хятадын ДНБ ийнхүү өсөх өөдрөг таамаглалтай байна. Тэгвэл Хятадтай хаяа залган оршдог, эрдэс бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг экспортолдог манай улсын эдийн засаг хэрхэх бол. БНХАУ-ын эдийн засаг нэг хувиар өсөхөд Монголынхыг 0.83 хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг гэсэн сонирхол татах баримтыг МҮХАҮТ-ынхан эш татлаа. Хятадын эдийн засаг 7.9 хувиар өснө гээд үүнийг 0.83-аар үржүүлбэл 6.5 гарч байна. Тэгэхээр манай эдийн засаг өмнөд хөршийнхийгөө дагаад ийм хэмжээгээр өсөх учиртай юу. Дээрх бол баримжаа тооцоолол. Тиймээс яг ингэнэ гэж бодож болохгүй. Харин Хятадын эдийн засаг өндөр дүнгээр тэлж байгаа бол манайх ямар нэг хэмжээгээр өсөх нь дамжиггүй. Энэ бол баталгаатай.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2021 оны дөрөвдүгээр сард хэрхсэнийг удахгүй танилцуулах болов уу. Эл танилцуулгад журам ёсоор энэ оны эхний улиралд улсын эдийн засаг хэдэн хувиар өссөн, агшсаныг дурдана. Эх сурвалжийн мэдээлснээр энэ оны эхний улиралд манай улсын ДНБ 10 гаруй хувиар тэлж буй дүн гарсан гэнэ. Монголын эдийн засаг сүүлийн 10 жилд ийм огцом өсөж байгаагүй. Тэгэхээр Хятадыг дагаад ухасхийж байгаа бололтой.
Дэлхийн банк энэ онд манай улсын эдийн засгийг 5.6 хувиар өснө гэсэн төсөөлөл танилцуулсан. Мөн тус байгууллагынхан ирэх онд 5.4 хувиар өснө гэж таамаглаж байна. Тэгвэл Азийн хөгжлийн банкныхан манай ДНБ-ийг энэ онд 4.8, ирэх жил 5.7 хувиар өснө гэж таамаглажээ. Азийн хөгжлийн банкныхан манай эдийн засгийг “алгуур өснө” гэж томьёолж буй. Юутай ч энэ оны эхний улиралд огцом өсөх нь тодорхой болжээ. Хойшид хэрхэх нь вакцинжуулалтаас шууд хамаарна. Дотоодын шинжээчид вакцинжуулалт сайн үр дүнд хүрвэл эдийн засаг олон улсын банкуудын төсөөлж байгаагаас ч өндөр хувиар өсөх боломжтой гэж үзэж байна. Гэвч өдөрт 1000 орчим хүн коронавирусийн халдвар авч, тархалт буурахгүй байгаа нь ихээхэн эргэлзээ дагуулж буй. Сарын дараа нөхцөл байдал илүү баримжаатай болох болов уу гэж горьдож буй.
Англи болон АНУ-ын хийсэн цар тахлын эсрэг сүргийн дархлаа хэзээ тогтохыг баримжаалсан судалгааны багийнхан “Ковид-19” өвчний тархалт энэ оны гуравдугаар улиралд дээд цэгт хүрнэ гэсэн дүгнэлт гаргажээ. Харин энэ оны дөрөвдүгээр улирлаас хурдтай буурч, ирэх оны гуравдугаар улиралд нам түвшиндээ хүрэн, тогтворжино гэж дүгнэсэн байв. Тэгэхээр энэ онд цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр хэвээр байх нь. Эдийн засаг өндөр хувиар өсөх суурь нөхцөл бүрдсэн эрсдэлтэй хэвээр байхыг анхаарах шаардлагатай гэсэн үг.
Эдийн засгийн хямралыг англи хэлний L, V, U, W гэсэн үсгийн хэлбэрээр нэрлэх нь бий. Эдийн засаг “уруудаад” урт хугацаанд сэргэхгүй удахыг L хэлбэрийн хямрал гэдэг. Харин уруудаад, буцаад огцом өсөхийг V хэлбэрийн хямрал гэнэ. Тэгвэл эдийн засаг аажмаар уруудаад, буцаад аажмаар сэргэхийг U хэлбэрийн хямрал гэж нэрлэдэг. ДНБ агшаад буцаж тэлээд, дахин агшаад өсвөл W хэлбэрийн хямрал болно. Монгол Улсын ДНБ өнгөрсөн онд 5.3 хувиар буурсан. Тэгвэл энэ оны эхний улиралд 10 гаруй хувиар өсөж буй V хэлбэртэй хямрал нүүрлэснийг харуулж байна. Энэ удаагийн эдийн засгийн хямралын гол шалтгаан нь хөл хорио. “Ковид-19” өвчний тархалтыг зогсоож, хөл хориог сулруулбал, эдийн засаг хурдтай сэргэх нь ойлгомжтой юм.
Аливаа улсын эдийн засагт макро үзүүлэлтүүд чухал байр суурь эзэлдэг. Одоогоор манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш таатай байна. Энэ байдлаа эхний хагас жилд хадгалах болов уу. Төлбөрийн тэнцэл ашигтай гарав. Эргэлт нь саарснаас шалтгаалж, гадаадын валютын ханш тогтвортой байна. Улсын инфляц 2.5 хувь буюу нам доод түвшиндээ “гацсан”. Гадаадын валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрч нэмэгдсэн. Засгийн газраас иргэдэд 1.1 их наяд төгрөг бэлнээр тараасан нь бараа, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж байна. Зээл олголт нэмэгдлээ. Вакцинжуулалт үр дүнд хүрч, хөл хориогоо сулруулан худалдаа, үйлчилгээний газруудаа нээвэл дээрх үзүүлэлт нь эдийн засгийн огцом өсөлтийн сайн суурь болох нь гарцаагүй.
Цахилгаан, дулааны үнийг долдугаар сарын 1 хүртэл төр харицна. Мөн эл хугацааг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Иргэд ирэх долдугаар сарын 1-нээс цахилгааны төлбөрөө төлж, зээлийн эргэн төлөлтөө хийж эхэлнэ. Энэ нь иргэдэд дарамт болж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж зарим хүн харж буй. Хэрэв хөл хориог сулруулж, бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлбэл эдийн засагт дарамт болохгүй. Харин хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байвал иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах хэмжээний том нөлөө үзүүлж чадахгүй болов уу.