Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
- Засгийн газрын хуралдаанаа шийдвэрлээд байсан "Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барих ажлыг эхлүүлэв. Нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар болсон бөгөөд тус үйлдвэр нь жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах гэнэ.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар тогтлоо.
- Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр болов.
- Тавантолгойд цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулах аж. Өмнөговийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн үзжээ.