Иргэд блокчейн технологид суурилсан крипто валютад их хэмжээний хөрөнгө оруулах болсон. Уг хэрэгсэл нь төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломж олгож буй. Гэвч өндөр эрсдэлтэйг анхааруулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Энэ оны гуравдугаар сард Европын Холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Крипто валютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ. Европын Холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хууль боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд уг мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хүчин төгөлдөр болоогүй талаар анхааруулсан байна.
Түүнчлэн гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр Азийн орнууд дундаа дээгүүр бичигдэх Өмнөд Солонгосын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна. Мөн энэүйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулжээ. Иймд виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг албан ёсоор анхааруулж байна” гэжээ.