Лондоны металлын биржид тонн зэсийн ханш хамгийн сүүлчийн арилжаагаар 9949 ам.долларт хүрэв. Ийнхүү зэсийн ханш дэлхийн зах зээлд 10 мянган ам.долларт “тулаад” байна. Зэсийн ханш 10 жилийн өмнө буюу 2011 оны хоёрдугаар сарын 14-нд тонн нь 10 147 “ногоон” байжээ. Энэ нь уг металлын үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэс баялгийн шинжээчид “Ашигт малтмалын үнийн супер цикл дахин ирж байна” гэж дүгнэж байна. Энэ хүрээнд тонн зэсийн ханш ойрын жилүүдэд 11 мянган ам.доллар давна гэсэн таамаглал байгаа билээ. Мөн “өндөрт гарсан” үнээ урт хугацаанд хадгална гэж төсөөлж байна. Манай улс жилд нэг сая гаруй тонн зэсийн баяжмал дэлхийн зах зээлд нийлүүлдэг болсон. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компани өнгөрсөн сарын 25-ны байдлаар нийт 374.6 мянган тонн зэсийн баяжмал эскпортлов. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 409.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байжээ. “Оюутолгой” компанийн ажилтан “Ковид-19” өвчин туссан гэсэн шалтгаанаар экспортыг нь хэсэг хугацаанд зогсоосноор хэмжээ нь өмнөх жилийнхээс ийнхүү буурсан юм.