Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй болж, удаан хугацааны турш сул зогссон аж ахуйн нэгж, татвар төлөгчид дахин хөл дээрээ зогсож чадахгүйгээр бизнесээ хааж буй талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Тэд Нийгмийн даатгалын санд 50 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 55 гаруй хувь нь 190 тэрбум төгрөгийн өртэй байгааг тогтоожээ.
Тиймээс банкны шалгуурт тэнцэхгүй байгаа эдгээр компаниуд хэрхэн сэргэх вэ гэх асуулт тулгараад байна. Эдгээр бизнес эрхлэгчид нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байгаа талаар ч МҮХАҮТ-ынхан дурджээ. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкинд хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нэг удаа өршөөж, дахин шинэ гараанаас эхлэх, үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар тус танхимаас мэдээлэв.