Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжлийн төлөв тайланг өчигдөр танилцууллаа. Манай улсын эдийн засаг аажим сэргэн энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 хувиар өсөх магадлалтай гэв. Улмаар ирэх жил уг өсөлт 5.7 хувьд хүрэх боломжтой аж. Үүнд бараа, үйлчилгээний эрэлт алгуур нэмэгдэн, банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ өсөж буй нь нөлөөлөх юм байна. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэн, түүхий эдийн экспортын хэмжээ ахиж байгаа нь түлхэц болох аж. Үүнээс гадна инфляц энэ жил 6.9, 2022 онд 8.5 хувьд хүрч, эрэлт сэргэх, шатахууны үнэ нэмэгдэх улмаар валютын ханшийн нөлөөг идэвхжүүлж, импортын барааны үнэ чангарах таамаг дэвшүүллээ. Харин коронавирусийн өвчлөл илүү урт хугацаагаар үргэлжлэн, вакцинжуулалт төлөвлөснөөс удаашрах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин муудах нь 2021-2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бууруулахад хүргэнэ гэв. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтэд анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр төлөвлөх шаардлагатайг ч дээрх тайланд дурджээ. Мөн Засгийн газар цар тахлын хүрээнээс хальж хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлж, төсвийн орлого болон өрийн тэнцвэрийг хадгалахыг хичээн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарахыг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэв.