Монголбанкнаас энэ оны гуравдугаар сарын эцсийн эдийн засаг, зах зээлийн нөхцөлд үндэслэн инфляцын тайлан гаргажээ. Өөрөөр хэлбэл, эхний улиралд инфляц хэрхэн өссөн болон ирээдүйн төсөөллийг нь тодорхойлсон хэрэг. Тус тайланд “Ирэх улирлуудад нийлүүлэлтийн шинжтэй инфляц нэмэгдэх төсөөлөлтэй байна. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улирлаас инфляцыг нэг нэгж орчим хувиар бууруулж байгаа шатахууны үнийн суурь үеийн нөлөө арилах, сайжруулсан түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжих хугацаа дөрөвдүгээр сарын 1-нээр дуусгавар болох зэрэг нь голлон нөлөөлөхөөр байна.
Мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг даган дотоодын шатахууны үнэ нэмэгдэхээр байна. Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Засгийн газар болон Төвбанкнаас эрэлтийг дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хөл хорионы дэглэм суларч, вакцинжуулалт эхэлсэн нь эдийн засгийн идэвхжлийг эрчимжүүлж, эрэлтийн шинжтэй инфляцыг алгуур өсгөх төлөвтэй. Ирэх онд дотоод эрэлт сэргэж, инфляц Төвбанкны зорилтот түвшинд хүрч тогтворжих хүлээлттэй байна” гэжээ.
Улсын инфляц 2.5, Улаанбаатар хотынх хоёр хувьтай байна. Энэ бол инфляц нам дор түвшинд байгаа үзүүлэлт. Монголбанкнаас энэ онд инфляцыг дунджаар зургаан хувьд байлгахаар төсөөлж буй. Түүнчлэн инфляц зургаагаас хасах болон нэмэх хоёр хувийн зөрүүтэй байж болно гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, инфляцыг цаад тал нь найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлого баримталж ажиллах нь. Тэгэхээр одоогоор инфляцыг 3-5 хувиар өсгөх орон зай байна гэсэн үг. Ийм том орон зайтай байгаа учраас Монголбанк төсөөллийнхөө хүрээнд инфляцыг барьж чадах нь дамжиггүй.
Дэлхийн зах зээлд баррель газрын тосны үнэ 62 орчим ам.долларт хүрчээ. Өдгөөгөөс жилийн өмнө эл үзүүлэлт 23 ам.доллартой тэнцэж байв. Ийнхүү “хар алт”-ны ханш гурав дахин өсөөд байна. Манай улс ОХУ-ын “Роснефть” компанийн газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийг жишиг болгон шатахуунаа худалдаж авдаг. Тэд шатахуунаа өмнөхөөс өндөр үнэ тогтоон худалдах нь дамжиггүй. Тэгэхээр дотоодын зах зээлд шатахууны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Шатахууны үнэ өсөхөөр бүх төрлийн тээврийн зардал нэмэгддэг. Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх суурь шалтгаан болдог билээ.
Засгийн газар шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулаад байсан. Харин энэ сарын 1-нээс хуучин үнээр нь борлуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ сараас эхлэн шахмал түлшний үнэ 75 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр инфляцын тооцооллыг өсгөх нь дамжиггүй.
Хатуу хөл хорио тогтоохын өмнө Засгийн газар иргэн бүртээ 300 мянган төгрөг тараалаа. Нийт нэг их наяд гаруй төгрөг зах зээлд бэлтэрбум ам.доллароор хэмжигдэх жижиг эдийн засагтай. Төгрөг рүү хөрвүүлбэл, 30 гаруй их наяд төгрөгийн эдийн засагтай орон. Зах зээлд нь 7-8 тэрбум төгрөг л бэлнээр эргэлддэг. Ийм зах зээлд нэг их наяд төгрөг бэлнээр нийлүүлсэн учраас томоохон “доргилт” үүсэх нь ойлгомжтой. Хатуу хөл хорио тавигдсаны дараа эрэлт нэмэгдэнэ. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх нэг нөхцөл болох юм. Тэгэхээр инфляц өсөх хүлээлт үүссэн нь нэгэнт тодорхой боллоо.
Төвбанкнаас гаргасан инфляцын тайланд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, өөрчлөлт орох таван эрсдэл байгааг ийн дурджээ. “Нэгдүгээрт, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, эсвэл илүүдэл үүсвэл төсөөллийг өөрчлөх эрсдэлтэй. Тухайлбал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан мах, хүнсний ногооны үнэ огцом хэлбэлзэх, төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ төсөөллөөс давж нэмэгдэх зэрэг нь инфляцын төсөөллийг өөрчлөх шалтгаан болно. Хоёрдугаарт, “Ковид-19” цар тахлын дотоод дахь тархалт эрчимжиж, улмаар дахин хорио цээрийн дэглэм тогтоох, хугацааг сунгах тохиолдолд эдийн засгийн идэвхжлийг сулруулж, инфляцыг бууруулах нөлөөтэй. Гуравдугаарт, нөгөө талаас хөл хорио чангарах тохиолдолд хүнсний зарим бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бий болж болзошгүй. Дөрөвдүгээрт, цар тахлын тархалт эрчимжиж, гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдэх тохиолдолд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, манай улсыг чиглэх хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлж, улмаар төгрөгийн ханшид ирэх дарамт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тавдугаарт, Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх арга хэмжээний үр нөлөө хүлээлтээс өндөр байх, Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүд зэргээс инфляцын төсөөлөл өөрчлөгдөнө” гэж дурджээ.
“Ковид-19” өвчний тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоож буй нь дээрх таван эрсдэлээс хоёрдугаархаас бусад нь тулгарах нөхцөлийг бүрдүүллээ. Орон даяар хатуу хөл хорио тогтоосноор хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн нийлүүлэлтийг хязгаарлав. Тухайлбал, Улаанбаатарт орж ирэх махны нийлүүлэлт буурлаа. Ингэснээр махны үнэ өвлийнхөөс 60-70 хувиар өсөөд байна. Улаанбаатарын зах, худалдааны төвүүдэд үхрийн цул мах кг нь 15 мянган төгрөгт хүрсэн нь үүнийг гэрчилнэ. Манай улс жилд 10 орчим сая толгой мал хүнсэндээ хэрэглэхээр нядалдаг. Өнгөрсөн өвөл төв болон баруун бүсийн зарим аймагт зуд нүүрлэснээр малчид олон мал төхөөрсөн. Баримжаа тооцоогоор 15 сая мал нядалсан гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт нэмэгдэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Гэтэл зах зээлд нийлүүлэх тээвэр, ложистикийг нь хязгаарлачихаар ийнхүү үнэ нь өсөж байна. Нөгөөтээгүүр, нийлүүлэлтийн доголдлоос үүдэж үнэ нь өссөн хэрэг.
Манай оронд “Ковид-19” өвчний тархалт нэмэгдэнгүүт бараа, бүтээгдэхүүнийхээ талаас илүүг импортолдог БНХАУ хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоог цөөрүүлэхийг шаардаж байна. Тиймээс бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийг хөөрөгдөж буй. Тухайлбал, хатуу хөл хорио тогтоонгуут хүнсний дэлгүүр, супермаркетуудын лангуунд хүнсний нарийн ногоо харагдахаа больж буй нь импорт хязгаарлагдаж байгаатай холбоотой. Хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоог цөөрүүлснээр худалдаачдад вагоноор бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх сонголт тулгарч байгаа гэсэн. Галт тэргээр тээвэрлэх нь Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл автомашинаар бараа зөөхөөс үнэтэй байдаг аж. Худалдаачид бараа, бүтээгдэхүүнээ хилийн цаана муутгахгүйн тулд вагоноор тээвэрлэж буй. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал нь өссөн гэсэн үг. Тэгэхээр тээврийн зардлаа бүтээгдэхүүнийхээ үнэд “шингээн” худалдаж байна. Ерөнхийдөө импортын барааны үнэ өссөн, өсөх хандлагатай болсныг дурдах нь зүйтэй. Вакцинжуулалт дуусаж, хөл хориог сулруулсны дараа эдийн засаг хурдтай идэвхжих магадлал бий. Ингэвэл ам.долларын ханш өсөх эрсдэл хардаж байна. Хэрэв валютын ханш өсвөл импортын барааны үнийг дахин өсгөх суурь шалтгаан болно. “Ковид-19”-ийн үеийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр сүүлийн нэг жилд инфляц байнга буурсан. Тэгвэл одоо өсөх хүлээлт үүсжээ.